Жалга руу унасан автомашинаас хоёр иргэн шидэгджээ

 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Шижирийн даваа”-наас баруун зүгт 20 км-ын зайнд Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота хонтар” загварын бага оврын ачааны автомашин жалга руу унасан байна. Ослын тухай мэдээллийг өчигдөр буюу энэ сарын 17-ны 17:22 цагт өгчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид гурван минутад газар дээр нь очсон аж. Ингээд 42 минутын турш ажиллаж, 60 настай иргэн Б /эрэгтэй/, П /эрэгтэй/ нар автомашинаас шидэгдсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн өдөр Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо, Чулуутын 1 дүгээр гудамжны 6 тоотод Хүн шороонд дарагдсан тухай дуудлага 17:06 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн газарт очиж, тус дүүргийн харьяат 21 настай иргэн Ш /эрэгтэй/-г гаргаж Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Тэрээр нүх ухаж байгаад шороонд дарагдсан байжээ.