Үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон албан тушаалтнуудын шийдвэрийг хүчингүй болгуулав
2018/07/24
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Засгийн газар болон яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах ажлыг үргэлжлүүлж байна.
Ийнхүү ажиллах явцад авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус нэмэлт төлбөр хураамж тогтоосон, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, газар дээр нь арилгуулах арга хэмжээ авлаа. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нараас 2013-2016 онд нийгмийн даатгалын байгууллагуудад ашиглаж байгаа анхан шатны маягтуудын үнэ, нийгмийн даатгалын дэвтрийн үнэ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын наалтын үнэ, архиваас олгох лавлагааны хураамжийг тогтоосон шийдвэрүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 1/114 дүгээр тушаалаар дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн байна.
Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тамхины тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ” шаардаж байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байсан тул энэ төрлийн хураамж авахыг таслан зогсоолоо.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/62 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-аар зохицуулан Дотоод хяналтын нэгжийн дарга, гишүүдэд сар бүр нэмэгдэл хөлс олгож буй нь хууль тогтоомжоос давсан шийдвэр гэж үзэн хүчингүй болгуулах арга хэмжээ аваад байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан “Налайх хотын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” нь Захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн заалт болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон байх тул хүчингүй болгуулахаар санал хүргүүлэн ажиллаж байна.