Ажил мэддэггүй, дарга сайд нараас байгаль өөрөө шалгалт авч байна
2018/07/25
Улаанбаатар хотод сүүлийн 60-аад жилийн дотор хоёр том үер болсон. Би, хоёуланг сурвалжилсан.1966 оны үерээр манай дарга нар сурвалжлагчдыг “аврагч” вертолётондоо суулгаж хотыг дээрээс нь харуулж, бид бодит байдлыг нүдээр үздэг, бичдэг байлаа.
Зөвхөн 1966 оны үерээр бүхэл бүтэн гэр хороолoлууд устаж 200 хүн амь үрэгдсэн гэдэг юм. Энэ бол дарсан тоо, доод тал нь 400-500 хүн амь үрэгдсэн гэж тэр үед яригддаг байлаа.
Одоо энэ, нийслэлд болж байгаа үер гээд байгаа зүйл бол 1966 оны үертэй зүйрлэвэл шалбааг юмдаа. Дараа нь “Хайлаастын” үер болсон. Мөн л олон арван хүний амь авч одсон. Энэ бүхэн нийслэлийнхэнд тодорхой сургамж өгсөн байхгүй юу! 1966 оны үерийн дараа их бүтээн байгуулалтын ажил эхлэж, одооных шиг техник хэрэгсэл байхгүй хэрнээ манай нийслэлийнхэн эх оронч санаачилгаараа ямар их зүйлийг хийж бүтээсэн гээ.
Сэлбэ, Туул голуудын хашлага хамгаалалтыг барьсан. Хэд хэдэн газар далан, суваг шуудуу босгосон. Богд уулын араар авто машины “нөөц зам” зассан. Энэ бол асар хүнд, их ажил байлаа. Уулын бэлийг , засах газар нь засаад, дэлбэлэх газар нь дэлбэлээд, ямар ч байсан машин зөрөөд явах хайрган замтай болгосон. Энэ замыг манай нийслэлчүүд төсвөөс сохор зоос ч авалгүй, эх оронч санаачлагаараа бүтээн босгосон юм шүү. Тэр үеийн хотын дарга нар одоо амьд сэрүүн байгаа. Уулын арын газрыг, байгууллагуудад хэмжээд хуваарилчихсан, иргэд байгууллага хэний ч шаардлагагүйгээр, хүрз зээтүүгээ барьж очоод засчихаж билээ. Тэгсэн чинь хэдэн жилийн өмнө хотын нэг дарга “Богд уулын арын замыг бид барьлаа” гэж донгодно билээ.
Нэг компаниар асфальтлуулсан л хэрэг шүү дээ. Замыг нь бол бид засчихсан байсан. Улаанбаатарчууд хөлс цусаараа тэр замыг барьж босгож байлаа даа. Тэрбум тэрбумаар нь мөнгө зооглоод одоогийн барьчихсан замуудыг нь хар даа. Эхний бороонд л хагараад, урсаад алга болж байгаа. Аргагүй шүү дээ. Замынх нь өнгө хуурсан чинь, дээврийн хар цаас шиг юм овоолчихсон байна билээ. Тэр замын их мөнгийг тендер нэрээр залгисан хүмүүс УИХ-д олноороо байсан, одоо ч байгаа. Уул нь үер гэж сүржигнэхийн оронд, тэр замыг, тэр гүүрийг, барьсан эзнээр нь дахин гүйцэтгүүлэх нь шудрага ёсонд нийцнэ л дээ. Манайхан бол буруутны толгойг илээд, улсын авдар руу гараа шургуулж байгаа.
Би, үе үеийн засгийн газруудыг гарч ирэхээр гурван зүйл л сануулж бичдэг юм. Жамьян гуай солиорч байна гээд л өнгөрдөг. Нэгд, “Улаанбаатарт үер болно шүү. Энэ хэдэн суваг шуудуугаа өргөтгөж засч торд. Далан сувгаа нэм” гэдэг. Хоёрдугаарт, “Нийслэлд газар хөдлөнө шүү. Нийслэлийн баруун талд хуучин газар хөдлөлийн том ул мөр бий. Хотыг баруун тийш нь битгий тэл. Дэд бүтцээ бараадуулаад Багахангай, Багануур тийш нь өргөтгө” гэдэг. Гэтэл бүр эсрэгээр нисэх, Сонгины тийшээ л овоолоод байгаа. Төв аймгийн хэдэн эрх мэдэлтэн нутгаадаа ойртуулаад олон улсын нисэх буудлыг нь хүртэл дэргэдээ авааччихсан.
Одоо хотын захиргааг Арцатын ам руу нүүлгэнэ гээд байгаа. Мөн ч дураараа загнах юм даа. Хайран хөрөнгө. Аль ч улсын хотын захиргаа төв хэсэгтээ л байдаг юм. Хөрөнгө мөнгөний ийм тачиг цагт хотын захиргааг хаа байсан яармаг Арцат руу нүүлгэж тоглох ямар хэрэг байна?!
Гуравдугаарт, Хотын агаарын бохирдлыг арилгачих гэдэг. Хотын баруун тал чинь жорлон боллоо шүү дээ. Эхний ээлжинд цэвэрлэх байгууламжаа ямар ч үнээр хамаагүй барь гэдэг юм. Чихгүй юм шиг өнгөрдөг. Хотын утааг гуравхан сарын дотор 50-60 хувь бууруулах инженер Рэнчиндоржийн төслийг хэрэгжүүлчих гэдэг. Бас л дүлий дүмбэ! Насаараа нүүрсэн дээр ажилласан инженер Рэнчиндорж хотын утааг бууруулах том төсөл, тооцоо судалгаа хийгээд арван жил энэ сайд дарга нарын хаалгыг мөргөж яваад саяхан таалал төгссөн. Энэ төслийн талаар уншаагүй, үзээгүй хүн ховор биз. Рэнчиндорж инженерээ таалал төгссөний дараа би төслийн талаар дэлгэрэнгүй материал өдөр тутмын сонинд нийтэлж, Ерөнхий сайдад захиа бичсэн. Таг чиг. Эзэндээ хүрдэг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.
Энэ гурвыг л хийчих. Бусад нь аяндаа бүтнэ гэж хэлэхээр хөх инээд нь хүрдэг байх л даа. Эхний шалгалтыг байгаль өөрөө авлаа. Шалгалт ч гэж дээ, энэ удаагийнх бол “Зачёт” л юм. Эхний шалгалтанд хэн яаж “унасан” талаар жаахан тодруулмаар байна.
Нэгдүгээрт: Шадар сайд нойл. Манай намын 32-ын бүлгийн гол төлөөлөгч, шадар сайд Ө.Энхтүвшин, энэ их үер усны асуудал босч байхад гадаадад “зугаалж” явна. НҮБ-ын хурал чуулганд чухал ажлаар очсон гэнэ. Даргатай нь хүртэл уулзчихаж. Эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй эрхэм дээдэс нутаг оронд нь гамшиг тохиолдоод байхад аялалаа цуцалдаг, буцаж ирдэг юм билээ. Манай шадар сайд бол “У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр л гарна биз. Над падлийгүй” гэсэн байдлаар хэсч явах юм даа.Үүнтэй агаар нэгэн гэвэл төв, орон нутгийн олонх дарга нар амралтаа аваад алга болсон. Арга ядаад Засгийн газрын тэргүүн маань наймдугаар сарын 1-н гэхэд ажилдаа орсон бай гэж үүрэгдлээ. Энэ зун Засгийн газар амралт чөлөөгүй ажиллахаар боллоо гэсэн биш билүү.
Хоёрдугаарт: Ажил мэддэггүй, хийдэггүй, дарга сайд нарын тарыг таниулж өглөө дөө. Их мөнгөөр зулгуйдан, эрхэм дээдсийн цүнх барьж гүйсээр өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс танигдлаа. Ичмээр харагдлаа. Хэчнээн хүүхдийн амь насаар тоглов. Энд ч усанд уналаа, тэнд ч тогонд цохиуллаа. Хүчиндлээ, аллаа, хаалганы төмрөнд цохиуллаа… муу юм шүглэжээ. Буруутанд хариуцлага тооцдог хуулийн байгууллага алга. Хариуцлагагүйчүүдийг шалгаж байна гээд л хэдэн төгрөгөөр торгоод өнгөрдөг, хачин “зуд” нүүрлэж дээ.
Гуравдугаарт: Ажлаа мэдэхгүй энэ олон сайд дарга нар чинь аахар шаахар зүйлээр хөөцөлдөж нүд хуурдаг юм байна. Нийслэл хотод тулгамдсан мөн их ажил байна. Гэтэл энэ дарга нар чинь өнөөдөр амин чухал ямар асуудал байна гэхээсээ, хэндээ хэдэн төгрөг өгч болмоор байна гэдгийг урьдчилж хардаг болсон байна. Улаанбаатар хотын автобусны 50 буудлыг засч шинэчлэнэ гэнэ. Энэ чинь өнөөдөр нийслэлийн өмнө тулгамдсан асуудал мөн үү? Бараг л жил болгон шинэчилсээр байгаад, одоо боломжийн л байгаа. Хэндээ энэ олон зуун сая төгрөгийг өгөх гээд байгаа юм? Аягүй бол гүйцэтгэгчид нь нууцаар тодорчихсон л байгаа. Бас зургаан эмнэлгийн гадна тохижилтыг улсын төсвөөр хийж өгнө гэнэ. Албан байгууллага бүр 50 м зайд тохижилт үйлчилгээгээ хариуцах хууль номтой. Тэр зургаан эмнэлэг чинь өөрсдийн хүч хөдөлмөрөөр эмнэлгээ тохижуулчихаж яагаад болдоггүй юм! У.Хүрэлсүх тэргүүтэй залуучуудыг засгийн эрхэнд гараад ирэнгүүт л гэнэт сэрсэн юм шиг эмнэлгүүдийн ҮЭ-ийн дарга хүүхэн удирдаад цалинг 50 хувь нэм. Нэмэхгүй бол ажил хаяна гээд хашгиралдсан. Миний бодлоор бол эмч, багш нарын цалинг ажилласан жилээр нь, одоо хэр зэрэг ажиллаж байгаагаар нь, ёс зүйн төлөвшлөөр нь олгож баймаар санагддаг. Зургаан эмнэлгийн гадна тохижилтонд зарах гээд байгаа олон сая төгрөгөө, эмнэлгийн ганц ор ч болов нэмэхэд зориулалдаа.
Дөрөвдүгээрт: Сүүлийн үеийн хотын удирдлагууд чинь жулдаад, худал амлах нь дэндээд байна. “Нийслэлдээ 18 км метро нээж түлхүүрийг нь гардуулж өгнө”, “Хотын захиргааг Төв аймагтаа ойртуулж 60 тэрбумаар нүүлгэнэ” гэхчлэн тархи угаасан зүйл ярьж суудаг дарга нартай болохоор яаж өөдлөх билээ дээ. Миний бодлоор бол хотоо мэддэг, хотоо миний нэг гэр гэж чин сэтгэлээсээ боддог, хот байгуулалтын өргөн мэдлэг туршлагатай, “хоноцын сэтгэлгээ”–гүй хүн Улаанбаатарыг удирдаасай гэж боддог. Тэр хүн, засгийн газрын гишүүн, шадар сайдын хэмжээний эрх ямбатай байх зайлшгүй шаардлагатай.
Тавдугаарт: Хэзээ хойно, зүүдлээд сэрэвүү дээ гэмээр зүйл байх юм. Үер усны аманд байгаа мянга гаруй айл өрхийг, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйг үл харгалзан албадан нүүлгэнэ гэнэ. Энэ чинь хотоо бараадсан жирийн иргэд юм шүү дээ. Харин хууль зөрчин амаар болон бичгээр зөвшөөрсөн төрийн албан хаагчдад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй юм. Яагаад гэвэл тэд чинь “байж л бай, арыг нь би даана” гээд их мөнгө, өвлийн идэш хоолоо хүртэл авчихдаг байхгүй юу. Тэр авлигачдыг илрүүлж, хариуцлага тооцоод тэдний зардлаар нүүлгэн шилжүүлэх учиртай юм. Хэн зөвшөөрсөн, хэний гарын үсэгтэй бичиг байгааг иргэд хэлээд л өгнө. Албадан нүүлгэнэ гээд байгаа. Иргэн хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Айл ордоггүй тэр олон мянган орон сууцандаа түрээсээр оруулал даа. Монголын төр ил далд зөвшөөрчихөөд, суваг шуудууны нь эхийг баячуудын барилга байшингаар түгжчихээд, эцэс сүүлд нь ядуу ард түмнээ албадан нүүлгэнэ гэдэг чинь 1937-1940-өөд оны их завхрал шиг сонсогдож байна. Монголын төр, эзэд баячуудад болохоор элгэн садан шиг, ард түмэндээ болохоор атгаалжин хар мангас шиг ханддагаа болимоор байна.
Зургаадугаарт: Айлуудыг албадан нүүлгэж болдог юм бол усны урсгал боогоод барьчихсан, голд оруулаад тансагласан, дарга даамлуудынхаа энэ олон орд харш, хашаа байшингуудыг трактор авчраад түр л дээ. Цагдаа хүчнийхэн нь буулгах гэж очоод нохойноос нь айгаад зугтааж байдаг, сульдсан төртэй улс Монголоос өөр байдаг юм уу?! “Халдавч хар халзанд нь” гэсэн үг байдаг л юмдаа.
Долоодугаарт: Байгалийн шалгалт дөнгөж эхлэж байгаа. Жинхэнэ “мөндөрийн үе” болно. Зун дуусах яагаа ч үгүй шүү дээ. Хот орчмын газар хөдлөлийн чичирхийлэл хоногт л нэмэгдээд байгаа. Манайх дуут дохио гэж нэг юм дуулдахтай үгүйтэй дуугаргачихаад л үлгэр ярин “амар сайхандаа жаргаж” байгаа. Мэргэжлийн хяналтынхан нь, хэдэн баалын тэсвэртэйг нь шалгах байтугай хэдэн ус зайлуулах хоолойтойг нь ч үзэж харалгүй “онц” дүнтэй хүлээж авсаар л байгаа. Юу л болдог бол доо?! Хүмүүсийн ярих нь мэргэжлийн хяналтынхан мөнгө л өгч байвал, тал байшин ч байсан хүлээгээд авчихдаг гэх юм билээ. Ер нь ингээд сурчихсан шат шатны комисс байдаг гэсэн яриа ч бий. Ортой байж мэдэх л юм. Байгаль өөрөө дахиад ширүүхэн шалгахыг байг гэх газаргүй л болов уу!
Наймдугаарт: Шалгалт сорилтууд дуусах яагаач үгүй байна. Үер усны гамшгийн дараа “утаа” залгана. Өнөө жил хотын утааг 50 хувь багасна гээд түүхий нүүрс оруулахыг хориглочихсон. Сайжруулсан түлш гэсэн хэдэн бөөрөнхий юм орой болгон телевизээр харуулж байгаа. Утаа 50 хувь буурчихвал сайн л байна. Олон дахин хууртсан болохоор хүн бүхний сэтгэл нэг л гэгэлхэн байгаа. Түрүү түрүүчийн Засгийн газрууд утаа бууруулах нэрийдлээр хэдэн хамаатныхаа компанийг мөн ч баяжуулсан даа. Даанч утаа улам нэмэгдсэн. Арга ядахдаа “утааны хортой чанар буурсан” гэж бидний тархийг угаалаа шүү дээ. Утаа 50 хувь буурч, гамшгийн хэмжээнд хүрэхээ боливол У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин хоёртоо онц дүн тавьж, үргэлж энэ суудалдаа байгаарай гэж ерөөхсөн. Харах л үлдлээ дээ.
Эцэст нь хэлэхэд, мэдэхгүй хэрнээ мэдэмхийрч мөнгө үрэгчид, тэнгэр лүү харж суугаад тоо тавьдаг статистикч, буруутныг аль нам, хэний хүн гэдгээр ялгаварлаж ял оноодог хуульчдаас салах цаг байдаг юм уу, үгүй юм уу, бурхан л мэдэж дээ. Байгалийн шалгалт үргэлжилж байна.
Г.ЖАМЬЯН
(Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч)