Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн явцын талаар НАЗХГ-аас мэдээлэл хийв.

Одоогийн байдлаар 5370 мкуб бетон цутгалт, 2993 тн арматурын ажил, 2325 м гүн өрөмдлөгийн ажил хийж нийт ажлын 11,9 хувийг гүйцэтгэсэн байна. Гүүрэн гарцыг төлөвлөгөөний дагуу 2019 оны 9-р сарын 30-нд хүлээлгэж өгөх ёстой. Ерөнхий гүйцэтгэгчээс гадна туслан гүйцэтгэгч дотоодын 17 компани, гадаад 2 компани ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын талбай болон үйлдвэр дээр Монгол ажилчид 158, хятад ажилчин 83, ажиллаж байна. Харин тоног төхөөрөмжийн хувьд  өөрийн 22 нэр төрлийн машин механизм, 11 нэр төрлийн тоног төхөөрөмж, туслан гүйцэтгэгчийн 45 нэр төрлийн машин механизм, 21 нэр төрлийн тоног төхөөрөмж ашиглаж байна гэсэн мэдээллийг өглөө.

          

НИТХ-ын дарга С.Амарсайхан, " 7-р сарын 2-ны өдөр би өөрөө газар дээр нь очиж  ажлын явцтай танилцсан , шалгасан, тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн.Зарим нэг асуудал дээр харилцан санал солилцсон. Тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг ч өгсөн. Дээрх мэдээлэлд хятадын талын гүйцэтгэгч компани 22 нэр төрлийн машин механизм, 11  төрлийн тоног төхөөрөмж ашиглаж байгаа тухай дурдлаа. Гэтэл бодит байдал дээр 4 өрмийн машинаас  хоёр нь ажилладаг нэг нь эвдэрсэн нэг нь ажиллаж байгаа гэсэн тайлбар өгсөн. Хамгийн чухал суурийн ажил ийм шалтгаанаар удаашрах учиргүй.  Ажил гүйцэтгэлийн хугацааг нааш татах бүрэн боломж бий гэдгийг гүйцэтгэгч компанийн захирал ч  сая өөрөө хэллээ. Тиймээс  чанар стандартыг алдагдуулалгүй зам, гүүрийн барилгын ажлын технологийн горимыг алдагдуулахгүйгээр хугацаагаа гурван сараар нааш татаж 8-р сарын 1-ний дотор Тэргүүлэгчдийн хуралд төлөвлөгөөгөө танилцуул" гэлээ.

Мөн энэ талаар туслан гүйцэтгэгч компаниуд, нийслэлийн холбогдох байгууллагууд, ерөнхий гүйцэтгэгч, зөвлөх  компаниуд газар дээр нь дахин ярилцаж  хугацааныхаа асуудлыг  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд дахин  албан ёсоор мэдэгдэхийг даалгав.  Мөн НАЗХГ болон хяналт тавьж байгаа байгууллагууд илүү хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.