Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дөрвөн иргэнийг голд живж байхад нь аварчээ
2018/07/26
Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1,845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ.
Нийт дуудлагын 1,609 буюу 87.2%-ийг объектын гал түймэр, 235 буюу 12.7%-ийг эрэн хайх, аврах ажиллагаа, 1 буюу 0.5%-ийг ой, хээрийн түймрийн дуудлага тус тус эзэлж байна.
2018 оны 6, 7 дугаар саруудад аюулт үзэгдэл, техникийн болон ахуйн ослын нийт 399 удаагийн дуудлага бүртгэгдсэнээс объектын гал түймрийн 315, эрэн хайх, аврах ажиллагааны 83, ой, хээрийн түймрийн 1 удаагийн дуудлага тус тус гарсан байна.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймрийн дуудлага 19.8 хувиар буурч, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 62.7 хувиар өсч, нийт аюулт үзэгдэл, техникийн болон ахуйн холбогдолтой ослын тоо 10.7 хувиар буурсан байна.
Дээрх хугацаанд НОБГ бүртгэгдсэн эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагаас үер усны холбогдолтой 37, зам тээврийн ослын 8, ахуйн ослын 16, барилгын холбогдолтой 4, бусад 18 удаагийн дуудлагаар тус тус ажиллажээ.
Эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагад 17 хүн амь эрсдэж, 181 иргэнийг авран хамгаалж, бэртэж гэмтсэн 11 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ажилласан байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд гал түймэрт өртөн 5 хүн нас барж, гал түймрээс 107 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1.4 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалжээ.
НИЙСЛЭЛ РҮҮ ОРОХ ЗАМУУДАД 24 ЦАГААР АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН ЦЭГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчнөөс нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжпийн байгууллагуудыг томилгоожуулан 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна. Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна.
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ИРГЭД ГОЛ ГАТЛАХ ГЭЖ БАЙГААД ХӨЛ АЛДАЖ ЖИВЖ БАЙХАД НЬ АВАРЧЭЭ
2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутаар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй эргүүлээр 33 удаа гарч, Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх санамж хуудас 5,842 тарааж, сэрэмжлүүлэг яриаг 11,730 иргэнд хийж, голын эрэг дагуу байрласан 3,575 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан.
Завьт эргүүлийн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэн хоёр хүүхдийн хамтаар гол гатлах гэж байсныг аюулгүй зөөвөрлөсөн, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн иргэнийг гол гатлах гэж байгаад хөл алдаж живж байхад нь аварч аюулгүй болгосон.
- 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрхийн гүүрний дээд талд Туул голын салаа дотор 5 настай эрэгтэй хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байсныг олж аавтай нь утсаар холбогдож хүлээлгэн өгч Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэдтэй анхаарал тавих талаар мэдээлэл өгч, хүлээлгэн өгсөн.
- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 4 дүгээр гудамжны дэргэд бага насны хүүхэд устай нүх рүү ороод алга болсон гэсэн дуудлагаар Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлэг ажиллан тус гудамжны дэргэд үерийн, ус зайлуулах хоолойд 6 настай хүүхэд ороод гацсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн (хагас осголтын байдалтай байсан болно) НТТТөвийн 103-т хүлээлгэн өгсөн.
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангаас зүүн тийш Маршлын гүүр явах замд туул голын эрэг дээр хүүхэд алга болсон дуудлагаар очиход 8 настай эрэгтэй усанд хөл алдаж урсаж байсан талаарх мэдээллийг хөндлөнгийн гэрчээс авч цагийн байдлыг үнэлэн усанд эрэн хайх аврах ажиллагааг яаралтай зохион байгуулан шумбалт хийн аварч, яаралтай тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын модон гүүрнээс дээш 500 метр зайд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсон иргэн А/27 настай эмэгтэй/, Э/25 настай эрэгтэй/, Э/31 настай эрэгтэй/ нарын гурван иргэнийг гол руу унаж, голын салаа дотор байсныг аврах завь ашиглан татан гаргаж ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж НОБГ-аас мэдээллээ.