Ажилд зуучлуулах нэрийдлээр залилуулахаас болгоомжил!
2018/07/28
БНСУ руу ажилд зуучлах нэрийдлээр “Хас Ган” гэх нэртэй хуурамч компани иргэдийг залилж байжээ. Тодруулбал, тус компанийнхан иргэдийг “Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, Солонгост хөдөлмөр эрхлүүлнэ” гэх нэрийдлээр 40 орчим иргэнийг залилан мэхэлж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Сүүлийн үед манай улсын иргэд БНСУ руу гурван сарын хугацаатай аяллын визээр гарч, тухайн улсад хөдөлмөр эрхлэх сонирхолтой болсон.
Гэвч тус улсыг зорьж, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд визийн шалгалтад тэнцэхийн тулд компаниудад хандаж, залилан мэхлүүлэх гэмт хэрэг нэлээд гарах болжээ. Тиймээс цагдаагийн газраас виз хүссэн иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Төрийн бус байгууллагуудад ажилд зуучлах тусгай зөвшөөрөл олгодоггүй учраас зохих журмын дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хандан зуучлуулах ёстойг ч мөн сануулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn