Сүүлийн хэдэн хоног цахим ертөнцөөр Онцгой байдлын албан хаагчийн нэгэн мэдэгдэл яваад байгаа билээ. Тодруулбал, ОБГ-ын дэд ахлах Д.Самбуу “Ривергарденд 10 -аад насос ажиллаад хүчрэхгүй байна.

Хүн ороогүй шинээрээ байрнууд 5-8 градусын хазайлт өгсөн. Гараашийн тогтоол усанд нь нэг хүн тогонд цохиулж үхсэн байдалтай олдсон. Ус ундарч зарим газраа бүр оргилж гарч байна, газар доогуур нь гол урсаж байгаа ба цэвэр усны нөөц дээр баригдсан байна. Барилгын усны хамгаалалтын далан, барилгын аяган суурийн материал эсэргүүцэл зэргийг тооцож бариагүй байгаа нь тогтоогдсон” гэсэн мэдээлэл байсан юм.

Тэгвэл ийм дэд ахлах байдаг эсэх талаар НОБГ-ын эх сурвалжаас асуухад “Наад мэдээлэл чинь худлаа ташаа мэдээлэл. Манайд дэд ахлах Самбуу гэж алба хаагч байхгүй. Тэгээд ч Ривер гардений байрны подвалд хүн нас бараагүй. Өөр хотхон байсан. Барилгын талаарх мэдээллийг манайх мэдэхгүй шүү дээ. Тэр байрны доогуур ус оргилсон энэ тэрийг яаж мэдэх юм. Тусгай барилгын мэргэжилтнүүд мэднэ биз дээ. Тиймээс наад мэдээлэл чинь огт худлаа шүү. Байгууллагын нэр барьж ашигласан байна” гэв.