Талийгаачийг авсанд хийж оршуулахыг хориглож байна
2018/08/01
Хятадын зүүн-өмнөд хэсгийн Зяньси мужийн эрх баригчид газрын нөөцийг хадгалан үлдэх зорилгоор “зөвхөн чандарлах” бодлогыг нэвтрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн ба бэлдсэн авснуудыг ард иргэдээс хүчээр хураан авч, талийгаачдыг оршуулах уламжлалт ёслолыг хориглож байна гэж South China Morning Post /Өмнөд Хятадын Өглөөний шуудан/ сонин мэдээлжээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Хятадын уг мужийн засгийн газар чандарлахыг хүний цогцсыг устгах цорын ганц зөвшөөрөгдсөн арга болгох бодолтой байгаа ажээ. Мужийн олонхи хотын эрх баригчид “зөвхөн чандарлах” бодлогыг зайлшгүй хэрэгжүүлж эхлэх эцсийн хугацааг энэ оны есдүгээр сар гэж тогтоосон байна.
“Хятадын нийгмийн сүлжээгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тархсан гэрэл, дүрс бичлэгүүдээс харахад Ганьжоу, Зянь, Ичунь хотуудын эргэн тойрны тосгодын оршин суугчдын гэрээс авснуудыг түшмэд хүчээр хураан авч байжээ. Уул шиг овоолсон модон авснуудыг экскаватороор устгаж байсан ба ахмад настай зарим хүн авсаа авч үлдэхийн тулд дотор нь орж хэвтэж байсан байна” гэж дээрх сонины мэдээнд тэмдэглэжээ.
Эрх баригчид “зөвхөн чандарлах” бодлогыг санаачилснаас хойш авс эзэмших, үйлдвэрлэхийг хориглосон ба түшмэд бэлэн болсон авснуудыг хураах ажлыг эхлүүлсэн байна. Шинэ бодлогын дагуу талийгаачдыг чандарлах ёстой бөгөөд төрөл төрөгсөд нь чандарлах үйл явцыг гүйцэтгэсэн тухай гэрчилгээ авч хадгалах журамтай болжээ.
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлагт