Жихадистуудад олзлогдсон иргэнээ авархын тулд бүх зүйлийг хийнэ гэдгээ Японы Засгийн газар мэдэгдлээ
2018/08/02
Японы сэтгүүлч Жүмпэй Ясуда 2015 онд Сири улсад ажиллах үедээ сураггүй алга болсон юм. Түүнийг Японы засгийн газраас сураггүй алга болсон хүмүүсийн тоонд оруулаад байсан ч 7 дугаар сарын 31-ны өдөр түүний тусламж хүссэн бичлэг цахим сүлжээнд байршжээ.
Жүмпэй Ясуда Сирид террористуудад барьцаалагдсан бөгөөд уг бичлэгт "Би маш хүнд нөхцөлд хоригдож байна. Намайг Умар гэдэг. Өмнөд Солонгосын иргэн. Намайг авраач гуйя" хэмээжээ. Тэрээр өөрийгөө яагаад Өмнөд солонгосын иргэн хэмээн танилцуулсан нь тодорхойгүй байгаа юм.
Жүмпэй Ясудагийн уг бичлэг 2015 онд "ISIS-ийн бүлгэмд цаазлагдсан Японы сэтгүүлчид Кенжи Гото, Харуна Юкава нарынхтай адил байгааг Японы хэвлэл онцолжээ. Тэд Жүмпэй Ясудагийн адил улбар шар өмсгөл өмсөн газар өвдөглөн сууж өөрсдийн нэрийг Умар хэмээн танилцуулж байжээ. Кенжи Гото, Харуна Юкава нарыг барьцаалан 200 сая америк доллар нэхэмжилж байсан юм. Харамсалтай нь тэдний амь насыг аварч чадаагүй билээ.
Жүмпэй Ясудаг барьцаалагчид 10 сая доллар нэхэмжилж буй гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Японы ЗГ өчигдөр Токио хотод хуралдаж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга иргэнээ хамгаалахын тулд бүх боломжийг ашиглана гэдгээ мэдэгдсэн юм.
www.Seen.mn