Н.Мадурог хөнөөхийг завдах үед 3 дрон дэлбэрсэн байна
2018/08/06
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхийг завдах үед 3 нисдэг аппарат дэлбэрчээ. Энэ тухай Венесуэлийн мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдэгдсэн байна.
Тэрбээр хэлэхдээ “3 дрон байсны нэг нь ерөнхийлөгчийн зогсож байсан индрийн эсрэг талд байрлаж байсан бол нөгөө нь дээш хөөрч, индрийн баруун талд дэлбэрчээ. Өөр нэг дрон нь индрийн урд талын барилга орчимд дэлбэрсэн байна” гэжээ.
Түүнчлэн энэ хэргийн дараа хэвлэл мэдээллийн 10 ажилтанг баривчлан саатуулсан байна. “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 11 сэтгүүлч, ажилтан хууль бусаар баривчлагдсан бөгөөд тэдний заримыг нь зодож, дээрэмджээ. Бид үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд мэдээлэл авах эрхийг зөрчсөн хүмүүст шийтгэл оногдуулахыг хүсч байна” гэж Венесуэлийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Өнгөрсөн бямба гарагт Боливарын үндэсний гвард байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагааны үеэр Венесуэлийн төрийн тэргүүн үг хэлж байх үед дэлбэрэлт болсон юм. Тэсрэх бодистой хэд хэдэн нисдэг аппарат дэлбэрсний улмаас 7 хүн бэртэж гэмтсэн. Хожим нь ерөнхийлөгч Н.Мадуро энэ халдлагад сөрөг хүчнийхнийг болон Колумбын эрх баригчдыг буруутгасан юм. Харин Колумбын гадаад хэргийн яам энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг