Морьтон монголчууд эрлийз адуунд “идүүлж” дуусах вий...
2018/08/09
Эрлийз гүү хүүхэд хазаад зогсохгүй мал, амьтанд халдаж, хүнд гэмтээсэн тохиолдол Хан-Уул дүүргийн Туул тосгонд өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл Мал, амьтны гоц халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинжилгээгээр “галзуу” өвчний вирус илэрсэн гэсэн дүгнэлт гарчээ.
Уяач, морь уралдуулах сонирхолтой хүмүүс эрлийз адууг гаднаас оруулж ирэх, улмаар шинэ монгол адуу гаргаж ирнэ хэмээн үржил селекцийн ажлыг шинжлэх ухаанд суурилсан онолоор бус өөрсдийн дур зоргоор явуулах болсны үр дагавар юм биш байгаа.
Эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулдаг болсноор төрийн наадмаа хүндлэхээ больж, ёс заншлаа гээж байгаа тухай бид олон жил ярьсан. Бие томтой, сэрвээ өндөртэй, хэдэн машины хурдаар давхидаг эрлийз морьдын нуруун дээр нялх үрсээ тавьж явуулаад уралдуулах нэрээр амь насыг нь зольсон явдал ч цөөнгүй. Монгол морины ген устаж үгүй боллоо. Хүйтэнд тэсвэргүй, эдэлгээ даахгүй чанар нь муудахад хүрэх нь гэж ярьж, бичдэг ч энэ бүхэн нь төрийн сүлдэндээ морио шүтээн болгон залж, морины соёлд үндэсний дархлаагаа шингээн хадгалж ирсэн монголчуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэхэд хилдсэхгүй. Төрийн хараа сул, бодлого сул байгаа учраас монголчууд хүнтэйгээ, морьтойгоо эрлийз адуунд эхнээсээ “идүүлж” дуусахад хүрч байна бус уу гэсэн эмзэглэл төрж байна. Манай иргэд хойшоо Алтанбулагийн боомт, зүүн тийш Дорнод аймгийн нутаг Хавиргын боомтоор эрлийз адууг оруулж ирдэг. Их төлөв үүлдэр, угсаа нь тодорхойгүй гэсэн бичиг дагалддаг.
Эрлийз адууг амьдралын боломж бага, арав тавхан малтай жирийн малчин тэжээж, уралдуулах боломжгүй. Учир нь өвс тэжээл, жилийн дөрвөн улиралд хэрэглэх бордоо гээд зардал өндөр гардаг. Зөвхөн уяж уралдуулах зорилгоор тэжээж, борддог бөгөөд эзэд нь Их хурлын гишүүн, сайд, дарга нар байдаг нь нууц биш. Монголд эрлийз адуу оруулж ирэх, үржүүлэх, уралдуулах асуудлыг зохицуулдаг газар ч байдаггүй. Хяналт, шалгалт явуулдаг, хариуцдаг газар ч бараг алга. Энэ асуудалд ямар бодлого хэрэгтэй талаар адуу судлаачдын байр суурийг сонирхлоо.
Д.Самданжамц: ӨДИЙ 70 ГАРУЙ НАСЛАХДАА АДУУ ГАЛЗУУРЧ БАЙНА ГЭЖ ДУУЛААГҮЙ /Монгол Улсын гавьяат мал зүйч, адуу судлаач/
-Зарим уяач, морь сонирхогчид эрлийз адууг хилээр оруулж ирж уралдуулдаг жишиг тогтоод хэдэн жил боллоо. Үүнээс үүдэж сөрөг хандлагууд их гарч байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Эрлийз адууг оруулж ирж, уралдуулж гаршсан нөхөд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Улсын тод манлай уяач Г.Доржпүрэв энэ жил гурван насанд эрлийз морь уралдууллаа. Улсын тод манлай уяач Д.Мөнхбат эрлийз морь уралдуулдаг. Улсын тод манлай уяач Т.Батсайхан өнгөрсөн жил Өндөрхангайн наадамд эрлийз морь уралдуулаад явж байсан. Энэ жил мөн л уралдууллаа. Монгол Улсын тод манлай уяачид өөрсдөө үлгэрлэх байтал эрлийз морьдоо монгол адуутай хольж уралдуулж будлиан үүсгээд явж байж таарахгүй. Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулах комисс нь юугаа харж байдаг юм. Эрлийз адуу Уяачдын холбооны тэргүүлэгчид, Их хурлын гишүүн, сайд, дарга нарт л байдаг. Т.Бадамжунайг сайд байх үед Өлзийт хорооллоор байсан уяачид бүгд гаднаас эрлийз адуу оруулж ирэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнийг одоо цуцлах ёстой. Энд мэргэжлийн байгууллагын хяналт зайлшгүй шаардлагатай. Хилээр эрлийз адуу оруулж ирэх бол мэргэжлийн байгууллага, холбоо, мэргэжлийн хүмүүсийн хяналт байх ёстой. Манайд ийм зүйл байхгүй учраас гарал үүсэл нь тодорхойгүй, ямар өвчтэй нь мэдэгдэхгүй янз бүрийн үүлдрийн адуу оруулж ирдэг. Цаасан дээр болохоор сайхан тэмдэглэл биччихсэн, тэр нь зөв эсэхийгхэн шалгаж тогтоосон нь бүү мэд. Эрлийз адуу оруулж ирж, адууны цусыг сайжруулж байна гэж үржүүлэг селекц явуулдаг болсноос хойш монгол адуунд өмнө нь байгаагүй, манай улсад огт байгаагүй, адууны цус багадалт, бэлгийн замын халдвар зэрэг 2-З төрлийн шинэ өвчин тархсан. Цаашид мэргэжлийн байгууллага, холбоо, мэргэжлийн хүмүүс, мал эмнэлэг, үржүүлгийн газар хамтарсан хяналтыг бий болгох хэрэгтэй. Алтанбулаг, Хавиргын боомтоор гарал үүсэл нь тодрохгүй, эрлийз адуу оруулж ирдэг. Энэ бүхэнд хорио цээр тогтоож, хяналт, шалгалт тавьдаггүй нь монгол адууны удмын санд заналхийлж байна.
-Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан ч уралдаан биш боллоо гэсэн шүүмжлэл гардаг. Мөрдөж буй журамд байна уу, комисст ажиллаж буй хүнд байна уу?
-Улсын наадмын хурдан морины уралдааны комисс эрлийз, монгол морьдыг ялгах талаар 2015 оноос маш хангалтгүй ажиллаж ирсэн. Сүүлийн гурван жил ийм хэл ам тасарсангүй. Комисс тэгж шийдсэн гээд эрлийз морь уралдуулчих жишээтэй. Уяачдын холбоо үүнд буруутай. Өөрсдийнхөө эрлийз адууг уралдуулах гээд монгол адууны стандартад өөрчлөлт оруулчихсан. Энэ стандарт хоцрогдсон, хуучирсан гээд өөрчилснийг бид шаардлага тавьж түдгэлзүүлсэн.
Цаашид монгол адуугаа яаж уралдуулах вэ гэдгийг зөв шийдсэн журамтай болох хэрэгтэй. Одоо манайд журам байдаг ч хэрэгжүүлдэггүй, журмаа ч мэдэхгүй хүмүүс комисст ажилладаг. Их морины сэрвээний өндөр л гэхэд 141 см гэж тогтоогоод үүнээс дээш бол эрлийз, доош бол монгол адуу гэнэ гэж байгаа юм. Гэтэл ийм өндөртэй монгол адуу мянгад ганц л гарна. Энэ бол эрлийз адуугаа монгол адуутай хольж уралдуулах гэсэн арга. Ер нь цаашид эрлийз гурван нас уралдуулах шаардлага байхгүй гэж боддог. Мөнгө төгрөгөө зарж авчирсан гэсэн гомдол санал гаргавал морин тойруулгад уралдуулах нь зүйтэй. Эрлийз адуу авчирсан уяачид бүгд гарал үүслийг нь мэдэж байгаа, тэгээд монгол адуутай хольж уралдуулдаг нь ёс зүйгүй хэрэг. Цаана нь цол зэрэг авах гэсэн санаархал байх шиг. Энэ талаар нэгдсэн нэг ойлголтыг бий болгох хэрэггэй.
-Адуу галзуу өвчин тусдаг юм уу?
-Монголд адуу галзуурсан тохиолдлыг өдий 70 гаруй наслахдаа дуулж байсангүй.
Н.Санжаадорж: ЭРЛИЙЗ АДУУ ОРУУЛЖ ИРЭХ ЯВДАЛ ЗАМБАРААГҮЙ БАЙНА
/“Цэцэн хааны хүлэг” холбооны тэргүүн, адуу судлаач/
-Гадаадын улс орнууд адууны үүлдэр, угсааг сайжруулахад ямар бодлого баримталдаг юм бол?
-Дэлхийн жишигт адууг үүлдрээр нь уралдуулдаг. Үржил, селекцийг ч үүлдэр дотор нь явуулдаг. Шинэ үүлдэр гаргах бол хоёр өөр үүлдрийн адууг үржүүлэгт оруулж, дундаас нь гаргаж авсан шинэ үүлдэр 40-100 жилд бүрэлдэж бий болно гэж үздэг. Энэ талаар, судлаач Г.Төмөрхадуур, Ц.Оюунсүрэн нар маш тодорхой судалгаа, шинжилгээний материалууд бичсэн байдаг. Гэтэл манайхан эрлийз адуу авчраад монгол адуутай эрлийзжүүлж шинэ адуу гаргаж авна гээд байдаг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй бус, уламжлалт ч биш, замбараагүй байдлыг бий болгож байна.
-Үүнийг зохицуулах ямар бодлого байх ёстой гэж үзэж байна?
-Төрөөс адууны үүлдрийг хадгалах, бодлогоор зохицуулах ёстой ч малаас хөндий өссөн, энэ талын мэдлэггүй, эсвэл морь уралдуулах сонирхолтой сайн дурын хүмүүс морь уралдаж л байвал боллоо гэсэн байдлаар хандаад байдаг. Бид монгол адуугаа монголоор нь байлгамаар байна.
-Хүний эрх гэж зарим хүн хэлэх байх. Тэгэхээр адууныхаа цусыг сайжруулах сонирхолтой хүмүүст боломж олгоно гэвэл тэр нь ямар байх ёстой бол?
...эрлийз адуу оруулж ирэхийг хуулиар хориглох ёстой. Оруулж ирсэн тохиолдолд зөвхөн морин тойруулгад уралдуулах нь зүйтэй...
-Хэрэв адуугаа эрлийзжүүлэх гэж буй бол шинжлэх ухааны байгууллагаас гаргасан тооцоо, судалгаанд тулгуурлаж, тусгай лаборатори байгуулж туршилт хийх ёстой. Манайд ийм юм алга. Тиймээс уламжлалт соёлыг авч явдаг нэг гол зүйл болох монгол адууны генийг устгах, мөхөлд хүргэх аюултай байдлыг бий болгосон. Иймд эрлийз адуу оруулж ирэхийг хуулиар хориглох ёстой. Оруулж ирсэн тохиолдолд зөвхөн морин тойруулгад уралдуулах нь зүйтэй. Эрлийз адуу уралдуулснаас болж ёс бус зүйл, осол аваар ч их гарч байна. Мөн монгол адуунд өвчин гарч байна. Монгол адуу устах аюул нүүрлэснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхаарах асуудлын нэг. Адууны өвчин хавтгайрвал бид эмчилж чадахгүй. Гаднаас өндөр үнэтэй эм тариа авах бол өчнөөн зардал гарна.
Зууны мэдээ
Ч.Зотол
Зочин · 2018/08/09