Энэ сарын 8-ны өдөр "Хурд" группын барьж буй "Хүннү" хороололд барилгын туслахаар ажиллаж байсан 17 настай хүүгийн дээрээс өргөгч краны трос тасран унаснаар хүү амь насаа алдсан билээ. Тэгвэл өнөөдөр барилгын ажлыг гүйцэтгэж байсан "Түмэндэлгэр" компанийн зүгээс мэдэгдэл хийж, уучлал хүслээ. 

Тус компанийн захирал Батхишиг: "Барилгын газар дээр гэнэтийн осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд талийгаачийн төрөл садан, ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж байна. Уг хэргийн үйл явцаас дурьдвал авто краны тросс тасарч улмаар ийм хэрэг болсон. Хүү танил талаараа дамжуулан манайд ажилд орсон байсан. Ажилд авсан хүн 17 настай гэдгийг нягталж шалгалгүй авсан байсан нь бидний алдаа" гэжээ.

Мөн тэд "Хурд" группын барьж буй барилгын ажлаас болж хэд хэдэн осол гарсан нь үнэн. "Хурд" групп бол бидэнд ажил олгогч компани. Бид ажил гүйцэтгэх үүрэгтэй байгууллага юм. Өмнө нь гарч байсан ослууд болоод сая болсон хүүгийн осолд "Хурд" групп бус манай байгууллага буруутай. Энэ бүхэнд "Хурд" группыг буруутай мэтээр олон нийт үзэж байсан билээ. Энэ бүх хариуцлагыг нуруундаа үүрч ирсэн тус группын үүсгэн байгуулагч Х.Чойжилсүрэнгээс хүлцэл өчиж буйгаа уламжилъя" гэжээ. 

www.Seen.mn