Шинэчлэгдэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт дөрвөн зэрэглэлийн 14 нууцлалтай, тухайн хүний талаарх мэдээллийг багтаасан чип бүхий цахим иргэний үнэмлэхийг 2012 оноос эхлэн тараасан .

Анх гарахадаа энэ үнэмлэх иргэн таны бүхий л мэдээллийг агуулна гэж нэлээд их хошгируулсан даа. Цахим үнэмлэх нь лазерь тэмдэглэгээ, солонгон болон мушгирсан хээн хэвлэл, нэвт харагдах зураг бүхий цонх гээд л хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид үндэслэсэн нууцлалтай. Тэрхүү чипд өмнөх иргэний үнэмлэх дээр байдаг овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг орчин суугаа хаягаас гадна хурууны хээ мэт нарийн зүйлсийг багтах бөгөөд Поликарбонат гэдэг материалаар хийсэн тул 10 жил хүртэлх хугацаанд хэрэглэж болно гэж тухайн үед мэдээлэл тарааж байв. 

Энэ мэтээр олон ид шидийг харуулах байсан өнөөх цахим үнэмлэх маань өдийг хүртэл гавьтай ид шидээ харуулсангүй. Хамгийн их хэрэглээ нь ТҮЦ машинаас лавлагаа авах хааяа нэг банкинд данс болон карт нээхэд мэдээлэлээ бүртгэн уншуулахад л хэрэг болж байна.

Цахим болчихоод байхад төрийн байгууллага нь хүртэл өнөөх бүртгэлтэй үнэмлэхийг бус нотариатаар батлуулсан хуулбарыг нь шаарддаг. Ийм төрлийн үйлчилгээ явуулдаг улс орон Монголоос өөр бараг байхгүй л байх даа. Хэвлэмэл байдлаар шаардах байсан юм бол цахим үнэмлэхийн хэрэг гэж юу байх уу дээ гэж хааяа нэг бодно.

Иргэний бүхий л мэдээллийг багтаасан ухаалаг үнэмлэхээ хэзээнээс үр дүнтэй ашиглахыг хүлээсээр. Энгийн жишээ гэхэд жил бүрийн цэргийн бүртгэл гэж эрчүүдийг заавал хороондоо ирж бүртгүүл гэдэг.  Ажил цаг заваа гаргах очихоор регистер хаяг асуугаад л орхичихно. Ингэхийн оронд цахимаар бүртгэлээ явуулаад тухайн иргэн хороондоо очилгүй өөрийн регистер дугаараа онлайн бүртгэлд хамруулж болохгүй гэж үү. 

Энэ мэтээр цахим үнэмлэх бүртгэлээс гадна төрийн байгууллагын хүнд сурталтай үйл ажиллагааг цахимжуулвал арын хаалгаар хэн нэгний урдуур дайрч орно гэсэн ойлголтгүй үйлчилгээ хөгжинө гэж бодох юм. 

Сүүлийн үед дүүргийн үйл ажиллагаанд бага зэрэг ахиц гарч байгаа ч дүүргийн хороодын үйл ажиллагаа таг зогсонги мэт, Хорооны бүртгэл үйл явц яг л социализмын үеийн мэт арга барил хэвээр хадгалагдсаар. Аливаа улс орон хөгжлийн үйл явцтай хөл нийлүүлэн алхахад тухайн үеийн шинэчлэлтийг ч мөн даган дуурайх ёстой үүний нэгэн адилаар хүний нөөцийн бодлогодоо ч шинэчлэл хийж, залуу үеийн боловсон хүчнүүдээ дэмжин ажиллах хэрэгтэй энд дурдах хэрэгтэй болов уу. 

Ажилтнуудын хувьд дундажаас дээш насныхан эзлэх бөгөөд тэдний хувьд бичиг эрхлэлтэндээ гар бичмэлийг илүүд үзнэ. Яагаад гэвэл тэдний комьпютер техникийн мэдлэг үнэхээр доод түвшинд гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Тэр нь одоо цагт завгүй болсон иргэдэд үнэхээрийн цагийн гарз болсон ажлууд болно гэж хатуухан хэлэхэд болно. Үүнээс гадна хороодын ажилтнууд нь өрхийн амьжиргаа, аж амьдралд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаасаа илүү ялсан намын үзэл сурталыг түгээн дэлгэрүүлэх ажлыг түлхүү хийх нь илүүтэй.

Энэ мэтээр цахим үнэмлэх, ухаалаг хэрэглээг дагаад төрийн байгууллагын хүний нөөц, хөгжил шинэчлэлийн гээд олон асуудал ар араасаа яригдах болно. 

Эцэст нь хэлэхэд ухаалаг цахим үнэмлэх нэвтрүүлчихээд үүнийгээ хэрэглэж чадахгүй бол албан ёсоор цаасан баримт бичигтээ нэг мөсөн эргээд орсон нь дээр. 

С.Отгон