“Зууны мэдээ” сонин “Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалъя” сэдвээр цуврал нийтлэлүүдээ хүргэсээр байна. Монгол орны унаган байгаль дахь зэрлэг амьтдын судалгаа, хамгаалал, хууль бус ан агнуур, байгалийн хүчин зүйл гээд тал бүрээс нь сэдэвчлэн хөндөж, тэдгээрийг тус бүрт нь таниулах, энэ цаг үеийн нөхцөл байдлыг сонины хуудаснаа түүхчлэн үлдээх зорилгоор энэхүү нийтлэлүүдийг бэлтгэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаарт олон улсын нэршлээр палласын муур буюу мануулын тухай сонирхолтой нийтлэлийг бэлтгэлээ. Хөл нь богино, бие нь бандгар, үс ихтэйг эс тооцвол гэрийн мууртай тун төстэй энэхүү зэрлэг амьтан Төв Азид тархацтай амьдардаг бөгөөд хамгийн том популяци нь Монголд байдаг.   Манай орны өндөр уулын бүс болон гүн ой тайгаас бусад бүх газарт тодорхой хэмжээнд тархсан байдаг аж. Мануулын тухай судалгаа, зураг, мэдээлэл тун бага учраас төдийлөн сайн мэддэггүй. ОХУ, БНХАУ-д улаан номонд орсон бол манайд ховордож болзошгүй ангилалд хамруулдаг.

 

ЭР НЬ ОРХИЖ, ЭМ НЬ ТӨЛӨӨ ӨСГӨДӨГ

Мануул нь цөлжилтийн эсрэг тэмцэгч билээ. Учир нь малын бэлчээрийг хамгийн ихээр талхалж байгаа үлийн цагаан оготно нь түүний гол хоол юм. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчид болон зарим төрлийн жижиг шувуугаар хооллодог энэхүү амьтан нь ямар ч хор хөнөөл байхгүй. “Нэг удаагийн ажиглалтаар зургаан ногоолойгоо дагуулсан мануул цагийн дотор 10 орчим үлийн цагаан оготно барьж идэхийг харсан” гэж Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонбаяр бидэнд ярилаа. Энэ залуу сүүлийн гурван жилд мануулын судалгааг идэвхтэй хийж байгаа бөгөөд дэлхийд анхных гэж хэлж болох “Pallal’s cat” зурагт номоо хэвлүүлээд байгаа юм.  Тус ном нь мануулын амьдралыг харуулсан тун сонирхолтой зурган цомгоос бүтжээ.

Мануулын чих доош дарагдсан мэт байдаг нь ууль мэт харагддаг. Үсний өнгө нь улирлаа даган өөрчлөгдөж хүнд тэр бүр харагдаад байдаггүй нууцлаг амьдралтай нь ирвэстэй төстэй гэмээр. Өндөр уулсад төдийлөн хоргодоод байдаггүй ч Увсад 4000 метр өндөрт, Түвдэд 6000 метр өндөрт харагдсан тохиолдол байдаг гэнэ. Мануул нь шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргах боломжгүй аж. Дээд тал нь зургаан зулзага гаргах бөгөөд ногоолой гэж нэрлэнэ. Тавдугаар сарын эхээр төллөж эх мануул нь есдүгээр сар хүртэл тэднийгээ өсгөнө. Харин эр мануул нь үр төлөө өсгөх ажилд огтхон ч оролцдоггүй, орхиод явчихдаг ажээ. Манай орны эрс тэс уур амьсгалд сайтар дасан зохицдог мануулын жин өвөлдөө таван кг хүрч, сахал үс нь урт саглагар болдог байна. Харин хавар үс нь тачирхан болж турдаг бөгөөд жин нь 2.5-3.5 кг татдаг. Дөнгөж төрсөн ногоолой нь тун жижигхэн, 70-120 грамм жин хүрдэг. Гэхдээ ганцхан сарын дараа бор хоолонд орчихдог адтай амьтан.

СЭРГЭЛЭН ХЭРНЭЭ ДОРОЙ АМЬТАН

Сүхбаатар аймагт өнгөрсөн жил худагт унасан мануулыг 15 хоногийн дараа гаргаж авахад турснаас биш амьд байжээ. Энэ нь тэсвэр сайтай амьтан гэсэн үг. Муурын төрөл учраас идэш тэжээлээ үүрэндээ нөөцөлчихдөг, өвлийн шуурганд үүрнээсээ гарахгүй өл сайн даадаг. Хүний нүдэнд төдийлөн харагдахгүйгээр нуугдаж, сэм амьдарч чаддаг нь түүний сэргэлэн занг илтгэнэ. Гэхдээ жижигхэн,  дархлаа муутай бие нь түүнийг сул дорой болгодог. Бас нүүрэндээ аргал барьчихаад нуугдчихлаа, нүдээ аньчихаад харанхуй болчихлоо гэж боддог маанагдуу амьтан гэж мануулыг өхөөрдсөн ардын яриа бий. Тэр үүрлэх нүхээ өөрөө ухаж чаддаггүй. Ихэвчлэн тарвага, үнэгний орхисон нүхэнд хоргодно.  Дархлаа султай тул халдвар амархан авдаг. Тиймээс сүрэглэн амьдардаггүй. Мөч богинотой тул их цас орсон үед явж чадахгүй үрэгдэх тохиолдол ч байна. Үнэг, бүргэд, шар шувуу гээд туниа муутай жижиг ногоолойнуудыг нь барьж иддэг амьтан олон аж. Түүнчлэн үлийн цагаан оготныг хордуулах зорилгоор ашигладаг химийн бодист давхар хордож хоргодож байгааг тогтоожээ.

Олон улсад мануулын арьсыг ашиглахын тулд хууль бусаар агнаснаас тоо толгой нь цөөрсөн гэж үздэг байна. Манай улсад ч мануулын арьс болон тос, гадар өөхийг нь худалдаалах тухай цахим зар олон нийтийн сүлжээнд харагдана. Мануулын эд эрхтнийг ашиглах зорилгоор агнаад байх нь манай улсад харьцангуй ховор ч гэсэн зугаацах төдийгөөр буудчихаад явчихдаг тохиолдол олон байдаг гэнэ. Судлаач Б.Отгонбаяр Сүхбаатар аймагт Талын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг байгуулаад хоёр жил болж байгаа аж.  Төв байгуулагдсанаас хойш ойр хавийн малчид мануулыг бэлчээрийн доройтлыг хамгаалах ач холбогдолтойг ойлгож, тус амьтны талаарх мэдээллийг сайн дураараа мэдээлдэг, бие биендээ дамжуулдаг, хамгаалдаг болжээ. “Бид Сүхбаатар аймагт мануулын судалгаа эхлүүлээд хоёр жил болж байна. Энэ амьтныг битгий алаарай, хайрлаж хамгаалж яваарай гэж нутгийн иргэд болон  хүүхдүүдэд байнга хэлж ойлгуулж байгаа. Ямар ч хор хөнөөлгүй амьтан тул үүрэнд нь битгий ойртоорой гэж хэлдэг. Учир нь үүр лүү нь ойртвол мануул үр зулзагаа өөр газар луу зөөж эхэлдэг. Замдаа ногоолой нь эндэх, махчин амьтанд бариулах тохиолдол олон. Бас зугаацах зорилгоор зүгээр л тааралдахаараа буудчихаад орхиод явчихдаг. Хоёр жилийн өмнө биднийг очиход тэгж үхсэн мануул олон тааралдаж байсан. Энэ жил харин харьцангуй гайгүй байгаа. Бөөрийг нь иднэ, биенд сайн гээд хотоос ирсэн хүмүүсийг манай сумын хүн дагуулаад явж байхтай бас тааралдсан. Та ингэж мухар сүсгээр амьтан хороож яах нь вэ. Талын оготно барьж иддэг амьтан яалаа гэж эм болох вэ. Харин ч бөөн нян тээж яваа шүү дээ гэж хэлж ойлгуулаад буцааж байлаа. Сүүлийн үед гадны жуулчид дагуулсан хүмүүс үүрэнд нь хэт ойртох, модоор цохиж айлгах зэрэг үйлдлийг хийж байна. Хөөрхий амьтдыг айж үргээгээд ногоолойнууд нь үрэгдсэн тохиолдол олон. Уг нь гадаадын жуулчид тэгж хүсэхгүй шүү дээ. Дагуулж байгаа хөтчүүд нь байгаль орчиндоо, ан амьтандаа ээлтэй баймаар байна” гэж судлаач Б.Отгонбаяр ярилаа. Төв Азид тэр дундаа манай улсад тархацтай амьдардаг палласын муурны талаар бяцхан мэдээлэл хүргэхэд ийм байна. Ямартай ч бидний толгой өвтгөсөн асуудал болоод буй цөлжилттэй тэмцэгч мануулыг хамгаалах, гүнзгийрүүлэн судлах шаардлага байгаа нь энэхүү нийтлэлээс тодорхой харагдаж байгаа биз ээ.

 

Б.Солонго

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин