Хүүхдээ цэцэрлэгт элссэн эсэхийг цахимаар харах боломжтой
2018/08/21
Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим бүртгэл маргааш эхлэх бөгөөд нийслэлийн хэмжээнд ирж буй хичээлийн шинэ жилд 114 мянган орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байгааг Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна.
Нийслэлд өнөөдөр төрийн өмчийн 222, хувийн хэвшлийн 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт хүмүүжих хүүхдийн хамралтын тоо 77.8 хувьд хүрэх урьдчилсан дүнтэй байгааг Нийслэлийн боловсролын газрын дарга хэлж байв
Хүүхдүүдийг бүртгэх ажил энэ сарын 23-нд дууссанаар хариу гарах юм. Одоогоор нийт 76.898 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09.00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очно. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мэдэхийн тулд заавал цэцэрлэг дээр нь очих шаардлагагүй.
Цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10.00 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм байна. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд долоодугаар сарын 25-наас зөвхөн ажлын өдөр 09.00- 17.00 цагийн хооронд харьяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн наймдугаар сарын 13-23-ны хооронд хамран сурах тойргийн цэцэрлэг дээр багш, ажилтнууд цахимаар бүртгүүлэхэд тусалж байгаа тул эцэг, эхчүүд өөрийн биеэр очиж бүртгүүлж болох юм байна.