Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байна
2014/02/03
Сар шинийн баяр үргэлжилж шинэ хуучраагүй энэ үед ахмад буурай өндөр настнууддаа мэндчилэн золгосоор байна. Өдгөө Монголд 95-аас дээш настай 592 хүн амьд сэрүүн амьдарч байгаа юм билээ.
Нэг үеэ бодвол монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, хүмүүс маань ч зөв амьдралын хэвшил, хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг болоод байгаа учраас олон ч хүн урт удаан насалдаг болох нь тодорхой. Нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд 1996-1999 онд төрөгсөд гурван арван, хоёр зуун, хоёр мянганд амьдарч байгаа онцлогтой хүмүүс юм байна. Тэдний том нь дөнгөж 18 нас хүрч байгаа, багачууд нь 15 настай юм. Үнэхээр хорьдугаар зууны төгсгөлөөр төрсөн тэд хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа. Бас яах аргагүй хоёр мянган дамнан амьдарч буй. Ийм нэгэн өвөрмөц онцлогоор онцгойрох хүмүүс бидний дунд байна. Өөр сонирхолтой баримтуудыг дурсвал 1950-иад онд дэлхийд нэг эмэгтэй дунджаар таван хүүхэдтэй байсан бол 2005 онд энэ үзүүлэлт 2.7 болж буурчээ. Мөн өөр нэг буурсан мэдээлэл байна. Гэхдээ сайн талаараа. 1960-аад онд шинээр төрсөн хүүхдүүдийн 20 хувь нь таван насны төрсөн өдрөө тэмдэглэж амжилгүй нас бардаг байсан бол одоо уг үзүүлэлт зургаан хувь болж багасчээ. Энэ мэтчилэн олон сонирхолтой баримтыг хүмүүс бид өөрсдөө бүтээж, тэрэн дундаа амьдарсаар байна. Монголчуудын дундаж нас 68.8, эрэгтэйчүүдийн дундаж нас 64.9, эмэгтэйчүүдийнх 72.2 болж, дундаж наслалт 10 жилийн өмнөхөөс 5 насаар нэмэгдэв. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзэхэд, буруу дадал зуршил, зан үйлээс хамааралтай гэж нэрлэгддэг амьсгал, хоол боловсруулах, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны болон осол гэмтлийн шалтгаант өвчлөл нийслэлийн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.
Өнгөрсөн оны байдлаар хүн амын нас баралтын зонхилох 5 шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, гадны шалтгаант өвчлөл, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин оржээ. Жил бүр 100.000 хүн ам тутамд 134.5 хорт хавдар бүртгэгдсэний дотор шинээр оношлогдсон тохиолдлын 70 гаруй хувь нь 3-4-р үе шатандаа буюу хожуу үедээ оношлогдож байна. Түргэн тусламжийн дуудлага жил бүр өсч 2010 оны дуудлага 2007 оныхоос 35.2 хувиар нэмэгдсэн. Үүний 76 хувийг гэнэтийн өвчлөл, 13 хувийг төрөхийн, 11 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж буй аж. Нийслэл хотод жилд дунджаар 18-22 төрлийн халдварт өвчний 18000-19000 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээний халдварт өвчний 54 орчим хувийг эзлэх боллоо.
Энэхүү өвчлөл дундаа гэдэсний халдварт өвчин, вируст гепатит, салхинцэцэг, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, томуу, томуу төст өвчин зонхилох хувийг эзэлж байгаа юм байна.
А.Алтанзул
Зочин · 2014/02/04
saihan medee bn.urt nasalj ulam oluulaa bolohiin tuluu urag**** mongol ahan duusee