Блүүмбэрг: Нүүрсний үнэ өссөн нь европчуудыг сэргээгдэх эрчим хүч рүү “ханаруулна”
2018/10/10
Европт нүүрсний үнэ тасралтгүй өссөөр нэг тонн нь 100 долларт хүрлээ. Энэ нь уурхайчдад гэхээсээ илүүтэй сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд ашигтай тусч байна.
Нарны болон салхин цахилгаан станц ажиллуулдаг эсвэл цахилгаан станцуудад зориулан хийн турбин үйлдвэрлэж, нийлүүлдэг компаниудын хувьд орлого нь илт өсөх төлөвтэй байгаа юм. Учир нь, сүүлийн 5 жилийн хугацаанд нүүрсний үнэ хамгийн өндөр түвшинд хүрлээ шүү дээ.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилладаг компаниудын захирлуудын хувьд, нүүрсний үнийн өсөлт нь эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжих шилжилтийг улам хурдасгана гэж үзэж байна. Эрчим хүчний зардал өссөнөөр эрчим хүчний эх үүсвэрүүдийн үр ашгийн тухай асуудал улс орон, үйлдвэрүүдийн удирдагчдын өмнө гарч ирнэ. “Энэ бол бодит боломж. Яг үнэндээ бол үнэ ч бас тийм чухал биш, хамгийн гол нь трэнд буюу чиг хандлага л чухал. Үнэ өсөх үед эрчим хүчний зардлаа хэрхэх вэ хэмээн хүмүүс бодож эхэлдэг” гэж “Турбоден Эс-пи-эй” компанийн Гүйцэтгэх захирал Паоло Бертуци ярьж байна.
Хятад улсад төрөл бүрийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн эрэлт дээд хэмжээнд хүртэл өссөнөөс үүдэн нүүрсний үнэ өссөөр байна. Үүнээс шалтгаалан Европт нийлүүлэх нүүрсний хэмжээ буурч, Их Британиас эхлээд Итали хүртэлх орнуудад нэг квт цахилгаан эрчим хүчний өртөг өслөө.
Үүний сацуу Европын орнуудын засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэх үүднээс хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах үйл ажиллагааг хэдийнэ явуулж эхэлжээ. Энэ шалтгаанаар орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрууд сүүлийн хэдэн жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжихийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирлээ. Тухайлбал, нүүрсээр ажилладаг станцуудын оронд нар, салхины хүчээр ажилладаг цахилгаан станцуудыг илүүд үзэх болжээ.
“Нүүрс болон цахилгаан эрчим хүчний үнэ өндөр байгаа нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн хувьд илүү сонирхол татахуйц салбар болгож байна. Энэ нь ашигт малтмалд хөрөнгө оруулсан хэн боловч хохирч үлдэнэ шүү гэсэн дохио юм” гэж Ибердрола Эс-эй компанийн захирал Игнасио Галан ярилаа.
Эрчим хүчний ердийн эх үүсвэрүүдийн үнэ өсч буй явдалд улстөрчид ч мөн адил анхаарлаа хандуулах болжээ. Цахилгаан эрчим хүчнийхээ 1/3-ийг нүүрснээс гаргаж авдаг Украинд гэхэд засгийн газар нь өөр боломжуудыг хайж эхэлсэн байна. Тухайлбал, цөмийн эрчим ба байгалийн хийг Киевийн эрх баригчид сонирхох болжээ. Украин улс хэрэгцээт нүүрснийхээ нэлээд хэсгийг импортоор авч буйн учир нь Оросын түрэмгийллийн улмаас Украины ихэнх уурхай хаагдсантай холбоотой юм. “Нүүрсний өртөг нь биднийг өөр салбарт хөрөнгө оруулахад хүргэж байна” гэж Украины Ерөнхий сайдын зөвлөх Дан Билак хэллээ.
Нүүрсний үнэ өссөнөөр компаниуд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг шинээр барих хүсэлгүй болж байна. “Баруун Европт нүүрсээр ажилладаг ганц ч цахилгаан станц шинээр баригдаагүй, АНУ-д ч мөн адил. Сэргээгдэх эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний зах зээлд илүү хэсгийг нь эзлэх болно” гэдэгт Голдман Сакс группын Дэлхийн ашигт малтмалын хэлтсийн дарга Гонзало Гарсия итгэлтэй байна. Үнэ нь өссөн ч гэсэн уул уурхайн салбарт “нүүрсний бүүм” болсонгүй. Англо Американ, BHP Billiton компаниуд шинээр уурхай нээхэд мөнгө зарцуулахгүй гэсэн бол Рио Тинто уурхайнуудаа заржээ.
Нефть олборлох компаниуд ч гэсэн мөн адил нүүрсний үнээс ашиг олохыг хүлээж байна. Учир нь, тэдгээр компаниудын нийлүүлж буй байгалийн хий нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрстэй өрсөлдөхүйц түүхий эд болж байгаа юм.
“Нүүрсний үнэ өссөн нь сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьд маш сайн мэдээ бөгөөд нүүрсхүчлийн хий ялгаруулахтай тэмцэхэд нөлөөлнө” гэж Францын газрын тос олборлогч “Тотал” компанийн Хий, цахилгаан эрчим хүчний салбарын захирал Филипп Саке ярьж байна.
Илүүдэл дулааныг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг турбинуудыг үйлдвэрлэгч “Турбоден” компани энэ тал дээр туслахад бэлэн байна. Тус компани Марокко улс дахь Хайдельберг цемент компанийн үйлдвэрийн 2 мегаваттын блокийг барьсан юм. 2010 оноос хойш тус улсад хаягдал хийн энергийг ашиглан эрчим хүчний турбинуудыг эргүүлж байгаа ажээ. Уг төслийн хүрээнд 4 жилийн өмнөөс нар-дулааны станцад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм.
“Хэрвээ уламжлалт түлшний үнэ өсч байгааа бол, хэрвээ та эрчим хүчний үр ашгийг чухалчилж байгаа дээрх төслүүдийн өртгөө нөхөх хугацаа нь богиносч, илүү анхаарал татахуйц ирээдүйтэй төслүүд болж хувирна” гэж Турбоден Эс-пи-эй компанийн Гүйцэтгэх захирал Паоло Бертуци үзэж байна. Тэрбээр Ойрхи Дорнод, Африк болон Орост турбины борлуулалт өснө гэдгийг таамаглаж байгаа ажээ.
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг