Өнгөрсөн амралтын өдрөөр болсон спортын нэгэн тулаан дэлхий нийтээр ихээхэн анхаарал татсан нь үйл явдал болсон билээ. Дагестан тамирчин Ирландын Конор Макгрегорыг ялсныхаа дараа дэвжээнээс бууж зодоон хийсэн нь нэлээд маргаан дэгдээж, түүний аав, бас дасгалжуулагч Абдулманап хүүгээ шийтгэнэ гэж амлаад байсан.

UFC холбооны хөнгөн жингийн аварга цолоо саяхан хамгаалсан Хабиб Нурмагомедовыг аавынх нь хамт ОХУ-ын ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзжээ.

“Чи гол даалгавраа биелүүлж, үнэ цэнэтэй, итгэл дүүрэн ялалт байгуулсан тул би ааваас чинь хэт хатуу шийтгэхгүй байхыг гуйна. Хэрвээ гаднаас хэн нэгэн бидэн рүү халдвал зөвхөн чи биш, хэн ч байсан ингэж хариуг нь өгөх байсан. Гэхдээ биеэ барьж, тийм хэмжээнд хүрэхгүй байсан нь дээр” хэмээн Путин түүнд хэлжээ.