Боруссия Дортмунд клубын албан ёсны Академи Монголд үйл ажиллагаа явуулна
2018/10/25
Германы алдарт Боруссия Дортмунд клуб, Монголын хөлбөмбөгийн холбоо, МИАТ компанийн гурвалсан хамтын ажиллагааны хүрээнд тус клубын шилдэг өсвөрийн багш дасгалжуулагч нар манай улсад ирж өсвөрийн тамирчидтэй ажиллаж тэднийг Европын хөлбөмбөгтэй танилцуулсан.
Тус сургалтын дараа МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Боруссия Дортмундын багш дасгалжуулагч нарын сургалт үр дүнтэй байсан бөгөөд хэрвээ урт хугацаанд, тогтмол явуулах боломжтой бол Монголын өсвөрийн хөлбөмбөгт огцом өөрчлөлт гарахыг онцолсон юм.
Ерөнхийлөгчийн энэ хүсэлтийг Боруссия Дортмунд клуб хүлээн авч 2019 оны дөрөвдүгээр сард Германы топ клубын академийг Монгол Улсад байгуулахаар боллоо. Ийнхүү ирэх жилээс эхлэн Боруссия Дортмундын академиас төрөн гарсан супер одууд болох Марко Ройес, Марио Готце, Нюри Шахин, Антонио Рудигер, Марсел Шмелцер зэрэг тоглогчдод олдсон боломж Монгол хүүхдүүдэд ч нээлттэй болж байна.
Европ тивд төдийгүй дэлхийд зартай хүүхдийн хөлбөмбөгийн “Пушкаш академи”-д гурван жилийн өмнөөс Монгол хөвгүүд суралцаж байгаа бол ирэх жилээс Европын өөр нэгэн гайхалтай клубын академи Монголд данслагдаж монгол хүүхдүүд суралцахаар боллоо.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг