Татварын байцаагч бүсгүйчүүд хардалтаас үүдэн нэгнийхээ аминд хүрсэн аймшигт  хэргийн чимээ тасраагүй байхад Д.Батболд давхар сэтэртэй боллоо. 

Хоёр бүсгүйн биенийхээ амьдралыг үрэхийн сэжүүр болсон тэрбээр Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга гэх нэг сэтэртэй байсан бол “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүний  давхар сэтэртэй боллоо.   Татварын байцаагч мэргэжилтэй хоёр бүсгүй нэгнийгээ 75 удаа хутгалж амь насыг нь хохироосон талаарх мэдээлэл нийслэлүүдийг нэг хэсэгтээ л цочроосон.  

Харин уг хэргийн эзэн, хоёр бүсгүйн нэгнээ хардах улмаар хөнөөх гол шалтгаан болсон хүн нь  Д.Батболд гэгч байсан бөгөөд Уул уурхайн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалтай нэгэн болох нь ил болсон юм. Тэрбээр хуучнаар  Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн дар¬гаар ажиллаж бай¬жээ. Түүнээс өмнө тат¬варын хэлтэст ажиллаж байсан. БНСУ-д мөн амьдарч байсан гэх мэдээлэл ч бий. Хуульч мэр¬гэжилтэй. Эрдэс бая¬лаг, эрчим хүчний яам салахад Уул уурхайн яаманд үлдэж Тө¬рийн за¬хиргааны удирд¬ла¬гын газарт ах¬лах мэр¬гэжилтэн хийж байгаад газрын даргаар томилогдсон байдаг. Ийнхүү хар мөрөөр олны анхааралд орж ирсэн тэрбээр  татварын байцаагч мэргэжилтэй хоёр бүсгүйтэй явалдан, нэгтэй нь хамт амьдарч байсан гэдэг. Харин тухайн үедээ буюу хамтран амьдрагчаа хүүхдээ харан гэртээ суудаг байх үед талийгаачийн толгойг эргүүлж амрагийн харилцаа үүсгэснээс хэрэг гарах шалтгаан болсныг хууль хяналтынхан тогтоосон юм.  Нэгийх нь ажил явдал дуусч, нэг нь 22 жилийн ял авсны дараа бүсгүйчүүдийн амьдралыг үрсэн Д.Батболд гэгчид ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуултад хариулт нэхсэн хүн олон байсан юм. Гэсэн ч манай улсын Гэр бүлийн тухай хуульд энэ мэт гэр бүлээс гадуурх амрагийн харилцаа тогтоохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх нарийн зохицуулалт байхгүй нь Д.Батболдод завшаан болсон гэхэд болно. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс Д.Батболдод ямар нэгэн хариуцлага тооцох ёстой гэдэг шаардлагыг тавьж байсан ч хуулийн тодорхой зохицуулалт байхгүй учраас үхсний хохь амьдын зол болоод үлдсэн.  Энэ явдалд дургүйцсэн хүн маш олон байгаа бөгөөд хоёр бүсгүйн ар гэрийнхэн ихээхэн гомдолтойгоо илэрхийлсээр байгаа.   Хэрэг өнгөрөгч оны долдугаар сард гарсан. Харин энэ талаар албаны хүмүүс албан ёсны байр сууриа илэрхийлсэн нь энэ оны  нэгдүгээр сарын 27 байлаа. 

Тодруулбал, хоёр бүсгүйн амьдралыг үрсэн Д.Батболд гэгчид хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагатай гэсэн байр суурийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс тавьсан бөгөөд энэ талаарх хүсэлтээ Уул уурхайн яаманд гаргасан юм.  Албан бичигт дурдсанаар “Танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах тухай хүсэлт, захидлуудыг  УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт иргэд, олон нийтээс ирүүлсээр байна. Хэдийгээр Д.Батболд нь уг гэмт хэрэгт биеэр оролцоогүй ч түүний хувийн харилцааны зарим үйлдэлтэй холбоотойгоор хүний амь нас хохироод байхад тэрбээр ямар ч шийтгэлгүй өнгөрч байгаад иргэд бухимдаж, төрийн захиргааны албан хаагчийнхаа хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзсээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.1-д зааснаар төрийн захиргааны албан хаагч нь төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй. Харин Д.Батболдын хувийн харилцааны ёс зүйгүй үйлдлүүд нь төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаж байна. Ийм учраас УИХ дахь Эмэгтэй гишүүд бид  Д.Батболдыг  төрийн албаны үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч өгөхийг Танаас хүсч байна” гэжээ.  Энэхүү албан бичгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нарт  хаягласан байдаг.  Ийнхүү төрийн албаны нэр хүндийг гутаасных нь төлөө албан хаагчдаа хариуцлага тооцож өгөөч гэх хүсэлтийг төрийн түшээд өгөөд сар гаруйн хугацаа өнгөрч байхад Уул уурхайн яамнаас албан ёсны хариу ирүүлээгүй өдий хүрчээ.  Асуудал хаанаа гацаад байгааг тус яамнаас тодруулахад “Бид өргөдлийг хүлээн авсан. Ингээд уг гомдол хүсэлтэд арга зүйн зөвлөгөө өгнө үү гэсэн бичгийг Төрийн албаны зөвлөлд гаргасан” гэх тайлбарыг өгсөн юм.  Харин ТАЗ-өөс “Энэхүү асуудлыг судалж байгаа” гэх тайлбарыг өгч байна. 

Түүнчлэн Уул уурхайн яаманд өргөдөл гаргасан тохиолдолд  хянан шийдвэрлэх эрх бүхий хүн нь Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн захиргаа удирдлагын газар байдаг гэх тайлбарыг  яамнаас өгч байна. Нэг үгээр бол, Д.Батболдын зан суртахууны доголдол, ажил албаныхаа нэр хүндийг гутаасан үйлдлийг Төрийн нарийнаас нь гадна өөрөө шийддэг гэсэн үг юм.  Мэдээж Д.Батболд өөртөө хариуцлага тооцохгүй нь ойлгомжтой учраас асуудал хав дарагдаж, бүх юм байрандаа байх нь тодорхой болж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй тушаал дэвшиж, давхар сэтэртэй болж байгаа нь Д.Батболдыг цаанаа ямар том артайг харуулж байна. 

УИХ дахь эмэгтэй  гишүүдийн гаргасан албан тоот  хонгилын үзүүрт гэрэл асааж, шороо, шоронд орсон хоёр бүсгүйн ар гэрийнхний шаналал жаахан ч гэсэн нимгэрэх боломж бүрдлээ гэх нэгэн ч байв.  Хэдийгээр Д.Батболдын үйлдэл бодит хэрэг биш ч төрийн хүнд байж боломгүй замбараагүй үйлдэл, тэр дундаа бүсгүйчүүдийн толгойг эргүүлж,  амьдралаа үрэхэд хүргэсэн ёс зүйгүй үйлдэлд нь тодорхой хэмжээний  хариуцлага тооцох ёстой гэсэн хүлээлт ч байсан юм.  Харин энэ хүслийг гүйцэлдүүлэхэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн шийдвэр нэг алхам урагшлуулсан.   Уул уурхайн яам  асуудалд хэрхэн хандаж, эмэгтэй гишүүдэд ямар хариулт өгөхийг хүлээж суух зуур байдал эсрэгээрээ эргэлээ. Нэг үгээр бол, шууд бусаар бүсгүйчүүдийг үхэлд хүргэсэн Д.Батболдод хариуцлага тооцох нь бүү албан тушаал ахиулж, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгосонд гайхаж, эргэлсэн хүн олон байна.  Ямартай ч хар шил зүүсэн ширүүн төрхтэй энэ залуугийн ард маш том татаас байна гэдэг нь ийнхүү тодорхой боллоо.  Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн төрсөн дүү гэх Д.Батболдыг чухам хэн гэгч “том хүн” моторддог нь тодорхойгүй ч Уул уурхан яамныхан, тэр дундаа салбарын сайд түүнд талтай болох нь тодорхой болоод байгаа юм.  Тодруулбал, хэрэг гарсны дараа тэрбээр сар гаруйн хугацаанд ажлаасаа чөлөө авсан бөгөөд асуудал намжтал нам жим суусан байдаг. 

 Түүнийг ийнхүү ажин түжин суух зуур хэвлэлийнхэн ч зүгээр суугаагүй юм.  Д.Батболд гэгч хэн бэ гэх асуултын хариултыг сэтгүүлчид нэг бус удаа дэлгэн тавьсан байдаг. Аль алинтай нь амрагийн харилцаа үүсгэж явсан бүсгүйчүүдийнхээ хэргийг  шүүхээр таслах үед олны өмнө анх удаа ил гарсан, хар шил зүүсэн энэ ширүүн царайтай залуугийн  талаарх мэдээлэлд олигтой үгс олдоогүй нь харамсалтай. Ямартай ч түүний талаарх мэдээллийг цуглуулах үед сэтгүүлчдийн чихэнд дуулдсан утга ижил нэг мэдээлэл байсан нь Д.Батболдыг ойр хавийнхан нь өөр өөр бүсгүйчүүдтэй нэр холбогдож явдаг нэлээд хүүхэмсэн нэгэн гэх мэдээлэл байсан юм. Тэр бүү хэл, хоёр бүсгүй нэгнийхээ аминд хүрдэг шөнө өөр нэг бүсгүйтэй зуслангийн байшинд байхдаа цагдаа нарт саатуулагдсан гэх мэдээлэл ч гарч байв.  Төрийн түшээдэд дийлддэггүй тэрбээр хар мөрөөр олны танил болсныхоо дараа  хариуцлага хүлээх нь бүү хэл улам ч томорч,  хүүхэн эргүүлэх бэлээ зузааллаа гэх нэгэн ч байна. Ямартай ч тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болсноор  сард 1.8 сая төгрөгийн цалин авч, давхар ямба эдлэхээр болж байна. 

Х.Буян-Очир