Хакердуулсан фэйсбүүк хаягууд зарагдаж эхэлжээ
2018/11/03
Хакерууд 81 мянган хүний фэйсбүүк хаягийг зарж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ. Тэд 120 сая хүний фэйсбүүк хаягт нэвтэрч, хувийн захидлуудыг ил болгожээ.
Хакерууд эдгээр мэдээллийг вирустэй интернэт хөтөч буюу браузераар дамжуулан авсан бөгөөд хаяг тус бүрийг одоогийн байдлаар 10 центээр зарж байгаа гэнэ.
Есдүгээр сард хамгийн анх FBSaler гэсэн нэртэй хэрэглэгч “Бид фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарж байна. Манай мэдээллийн санд одоогоор 120 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл байгаа” гэсэн зар мэдээллийг түгээсэн байна. Энэ зарын дагуу кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд мөрдлөг явуулж хамгийн багадаа 81 мянган хүний хувийн мессеж олон нийтэд ил болгосон байгааг илрүүлжээ.
Мөн фэйсбүүк хаягаа хакердуулж, захидал харилцаа нь ил болсон хүмүүстэй холбогдоход мэдээллүүд өөрийнх нь бичсэн зүйлс мөн болохыг нотолсноор хакерүүдийн зар зохиомол биш гэдэг нь батлагдсан юм. Тус зарыг ОХУ-ын Санкт-Петербургээс бичигдсэн байжээ. Хүмүүсийн фэйсбүүк хаягт нэвтэрч, хувийн мэдээллүүдийг олон нийтэд ил болгож байгаа хакеруудын ихэнх нь Орос, Украйны иргэд, мөн АНУ, Англи, Бразилын иргэд байгаа аж.
Фэйсбүүк компани үйл явдлын дараа манай аюулгүй байдлын систем хэвийн, асуудалгүй ажиллаж байгаа, гэхдээ халдлагад өртсөн байж болзошгүй хаягийн мэдээллүүдийг шалгаж байгаа гэсэн. Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Гай Рөүзэний хэлснээр хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарж байна гэж зар бичсэн хүний хаяг руу орж үзэхэд мэдээллүүд нь аль хэдийн идэвхгүй болчихсон байж. Түүнчлэн тус хаягуудыг зарж байсан хүмүүсийг мөрдөхийн тулд орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
Хакерууд хүмүүсийн интернет хөтчид URL хаягийн хажууд байх дүрсээр дамжуулан вирус суулгаж, хувийн мэдээлэлд нь нэвтэрсэн байна. Тиймээс энэ хэрэгт дан ганц Фэйсбүүк биш интернет хөтчийг хариуцан ажилладаг компаниуд ч бас хариуцлага хүлээх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: ВВС