“Business Insider” сэтгүүлээс гаргасан Европын улс орнуудын зэвсэгт хүчнийг үнэлсэн жагсаалтад Оросын арми тэргүүлжээ. Байлдааны техник хэрэгслийн тоо, хүн хүчний бүрэлдэхүүн, аж үйлдвэр хийгээд тээврийн системийн хөгжлийн түвшин, байгалийн нөөц, дайчилгааны нөөц зэрэг үзүүлэлтийг оролцуулан энэхүү жагсаалтыг гаргасан байна.

Оросын армид 3,5 сая гаруй хүн алба хаадаг бөгөөд зэвсэгт хүчинд нь 4000 орчим нисэх онгоц, 20 мянга гаруй танк, 350 хөлөг онгоц байдаг аж. Түүнчлэн батлан хамгаалахын зардал нь 47 тэрбум ам.доллар болдог аж. Харин Францын арми энэхүү жагсаалтын 2 дугаар байрт оржээ. Тус улсад 390 мянган цэрэг алба хаадаг бөгөөд цэргийнхэнд 1200 онгоц, 400 танк байдаг бол цэргийн төсөв нь 40 сая орчим ам.доллар байдаг аж.  

Европын хамгийн хүчирхэг армийн жагсаалтад Их Британи улс 3 дугаар байрт бичигджээ. Тус улсын зэвсэгч хүчинд 280 мянган хүн зүтгэдэг бол цэргийн төсөвт 50 орчим тэрбум ам.долларыг зарцуулдаг аж.

Жагсаалтад нийт 25 улс багтсанаас эхний арван байрт мөн Турк, Герман, Итали, Испани, Польш, Грек, Украин зэрэг улс оржээ. Жагсаалтын хамгийн сүүлчийн байрыг Бельги улс эзэлсэн байна.

Америкийн “The National Interest” сэтгүүл өмнө нь дэлхийн хамгийн хүчирхэг пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээр Оросын системийг нэрлэж байжээ. 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг