МАХН-ын дотоод маргааныг Н.Энхбаяр хагална
2014/02/12
Монгол ардын хувьсгалт намынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Сөүл хотод очиж намын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг эргээд иржээ.
МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, БОНХЯ-ны дэд сайд Н.Тулга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон нарын бичгийн дарга нар гээд арав гаруй хүн намын даргатайгаа уулзаад өчигдөр эх орондоо ирсэн байна. Ийнхүү МАХН-ын удирдлагууд бүгд намын даргатайгаа уулзахаар явсан нь хэд хэдэн шалтгаантай байжээ.
МАХН-ын гишүүд Засгийн газраас гарах тухай ярьж байгаа төдийгүй дотооддоо маргаантай байгаа ажээ. Шадар сайд Д.Тэрбишдагвыг шударга ёсны тухай ярихаа больж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахгүй, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн хэлсэн үг, өгсөн даалгавраас гарахаа больсон гэх хатуухан шүүмжлэл тавиад буй юм байна.
Мөн МАХН-ын мянгатын дарга нарыг өөрийн хүмүүсээрээ бүрдүүлсэн, намын нэрээр ажил албан тушаалд очсон хүмүүс нь бүгд МАН-ын угшилтай, Д.Тэрбишдагвын хүмүүс байдаг гэх шүүмжлэлүүд түүнийг тойрсон аж. Иймд Засгийн газраас гарах, шударга ёсны асуудлыг хөндөх ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байгаа юм. Харин шадар сайд Д.Тэрбишдагва болон сайдаар ажиллаж буй эрхмүүд Засгийн газраас гарах сонирхолгүй байгаа гэнэ. Иймд энэхүү маргааныг намын дарга Н.Энхбаяр хагалах шаардлага тулгарсан юм байна. Н.Энхбаярын намынхантайгаа хуралдахдаа ярьсан сэдвийн нэг нь энэ хүрээнд өрнөжээ. Засгийн газраас гарч, сөрөг хүчний байр суурьнаас ажиллаж эхлэх үү гэдэг асуудлыг шийдэх учиртай байсан байна. Гэхдээ энэ талаар намынхан нь ямар шийдвэрт хүрсэнийг хараахан ам нээгээгүй. Олон нийтэд мэдээлж, Н.Энхбаяр ямар үүрэг өгсөнийг ярих боломж ч тэдэнд олдоогүй байгаа. БНСУ-ыг зорьсон МАХН-ынхан өчигдөр 17:00 цагийн үед онгоцноос буусан тул мэдээлэл авах боломж хомс байв. Гэвч Н.Энхбаяр ямар үүрэг өгсөнийг ирэх өдрүүдэд харах болж байна. Засгийн газар савлаж эхлэх үү, МАХН-ынхан АН-ын хаяа дэрлэн хэвээр үлдэх үү гэдэг нь харагдана. Түүнчлэн, Н.Энхбаяр Д.Тэрбишдагвад үүрэг өгч, Засгийн газраас гарах чиглэл өгсөн байлаа ч түүний үгэнд орох эсэх нь мөн эргэлцээтэй. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би хүчгүй байвал, Н.Энхбаяр хүчгүй байна гэсэн үг” хэмээсэн нь бий. О.Баасанхүү гишүүн намынхаа дэд даргатай муудалцаж, Д.Тэрбишдагва түүнийг намаасаа хөөхөө мэдэгдсэн байдаг. Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан, түүний хажуу хавирганд явж ирсэн О.Баасанхүүг ийнхүү Д.Тэрбишдагва гадуурхаж ирсэн нь Н.Энхбаярын хүч намдаа суларсан гэж харж болох юм. Иймээс Н.Энхбаяр болоод намынхан нь засгаас гарах шийдэлд хүрсэн ч Д.Тэрбишдагва тэргүүтэй Засгийн газрын гишүүд эсэргүүцэж, сайдын суудалдаа үлдэх магадлал өндөр байгаа юм. Нөгөөтэйгүүр, МАХН-ын их чуулган ирэх дөрөвдүгээр сард болно. Энэ хурлаар Засгийн газраас гарах эсэхийг хэлэлцэх нь лавтай. Н.Энхбаяр их чуулганд өөрөө ирж, хурлын сценарийг удирдах талаар намынхан нь мэдэгдсэн. Иймд намын их чуулганаар ямар асуудлыг хөндөж тавих, хэчнээн төлөөлөгчтэй байх талаар Н.Энхбаяр урьдчилсан чигийг гаргасан гэх мэдээлэл байна. Нэг ёсны Н.Энхбаяр их улс төрд эргэн ирэх бэлтгэлээ хийж, намынхандаа үүрэг өгчээ.
©Т.АМАРТҮВШИН
Зочин · 2014/02/13
Ardchilsan namiihan MANAI ner hund navs unaj bhad yugaa hiigeed suugaad bdag yum bee hudluuch ee hudluuch ingej dogoitoh gej....
saka · 2014/02/13
ene bol baidag asuudal. yynd emzeglez baigaa xymyys ,eeree notoi. eneeder eerczlelt xiiz mongol tymniig taivan amaglan amdraxad xen uxaantai byxen uxaanaa uralduulax uczirtai. czadax xyn garaxad nam xamaagyj..mongol uls xegzix boltugaj