Ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Уран зохиолын хичээлийг хасах гэж байгаа талаар мэдээлэл шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, Утга зохиол, нийгмийн ажилтан дээд сургуулийн захирал Ш.Цэнд-Аюуш, Хэл бичгийн ухааны доктор Т.Баясгалан нар өнөөдөр хэвлэл бага хурал хийлээ.

Тэд БШУ-ны яамны газрын албаны даргын хариуцлагагүй үйлдэл,бүрэн дунд боловсролд уран зохиолын хичээлийн талаар салбарын яамнаас барьж буй бодлого стратегийн талаар шүүмжлэн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

 “Өнөөдөр  БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга маань өөрөө монгол хэлээрээ зөв ярьж чадаж байна уу, түүний ярьсан мэдээллээс хойш эргэлзээтэй болж эхлэсэн.  Энэ боловсролын ирээдүйг харж байгаа хүн өнөөдөр Монголоороо ярьж чадахгүй байхад  дээдчүүл нь гүйдлээ олохгүй байхад доод тал нь гүйдлээ олохгүй гэдэг шиг зүйл болж байгаа юм биш биз дээ гэсэн бодол төрж байна” хэмээн яруу найрагч Ц.Эрдэнэбаатар онцоллоо.

Мөн МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Галбаатар: "Би ЕБС-ийн 12-р ангийн уран зохиолын хичээлийн сурах бичгийг зохиож байгаа. Ирээдүйд уран зохиолын хичээл байх болоод л надаар уг ажлыг хийлгэж байгаа гэж бодож байна.

Уран зохиол гэдэг нь зүгээр нэг хүн зохиогоод бусад нь унших зүйл биш. Хувь хүнд зохиол дээр гарах баатар, үйлдэл зэрэгтэй өөртэйгөө жиших бодлыг төрүүлэх, эргэцүүлэх, аливаад дүн шинжилгээ хийх, сэтгэлийн хүмүүжлийг олгодог. Хүнийг хүн болгож, тухайн үндэстний ёс заншил, соёл, оршин байгаа зүйлсийн талаарх мэдлэгийг мөн бий болгож байдаг юм. Монгол улсын ерөнхийлөгч монгол гэсэн бүхнийг дээдлэхийг уриалж байдаг. Тэгэхээр БШУЯ-ны хариуцлагагүй мэдэгдэл төрийн бодлогыг эсэргүүцсэн зүйл болсон" гэлээ.

Яруу найрагч Ц.Эрдэнэбаатартай  цөөн хором ярилцсанаа хүргэе.

-БШУЯ-ны бодлогыг эсэргүүцэж байгаа шалтгаанаа хэлвэл?

-Тэгэхээр эсэргүүцэж байгаа шалтаан түм бум бий.  Б.Лхагвасүрэн гэж хүн хэлж байсан. Монголын тусгаар тогтнолыг хилийн шонгоос юм уу, газар нутгийн бүрэн бүтэн байдлаас хайх хэрэггүй ээ бүсгүйчүүдийнхээ умайнаас хай гэдэг шиг. Өнөөдөр Монголбн тусгаар тогтнолыг бид нар үр хүүхдүүд, ирээдүй болсон тэр нялх хүүхдүүдийнхээ сэтгэлгээнээс хайх ёстой. Тэгвэл энэ уран зохиолгүй, өв соёлгүй болсон монгол хүүхдүүдийн сэтгэлгээг ганцхан төлөвшүүлж өгдөг салбар шинжлэх ухаан бол уран зохиол. Монгол хэл хэрэгтэй. Монгол хэл нь үр нь харин түүнийг усалдаг нь уран зохиол хур, нар нь байхгүй юу. Тэгж байж энэ хэл, Монгол сэтгэлгээгээ үр хүүхдүүдтэйгээ цаг хугацааг туулдаг жамтай. Гэтэл энэ жамаас гачиж Монгол сэтгэлгээг харийнжуулахыг бодлогыг бий болгож байна гэж үзэж байна.

- БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга маань өөрөө монгол хэлээрээ зөв ярьж чаддагүй гэлээ?

-Би түүний ярилцлагыг сул үгтэйн хамт бичиж авсан. Ялангуяа “энэ Уран зохиолын хичээлийн эхүүд  гэдэг бол бүх хичээлийн агуулга дотор орж өгнө” гэсэн өгүүлбэр байгаа юм. Үүнтэй холбогдуулж баахан онигоонууд гарлаа. Тухайлбал, Учиртай гурван толгойн гипотенузыг ол, Боржигоны бор талын талбайг ол гэж заах юм уу. Энэ одоо эрүүл хүн үү гэж БШУЯ-ны Сайдаас нь асуумараа байна.  Мөн нэг том хардалт байгаа шүү гэдгийг сэтгүүлчид та бүхэн олж гаргах хэрэгтэй. Түүнчлэн  “тийм учраас энэ зүйлийг бид нар нэг хичээлийн төрөл, нэр төрлөөр хөөцөлдөх биш бүх хичээлийн агуулгад  бол ялангуяа тэр эхүүд одоо суртахууны иргэний боловсрол гэх яг тэр чиглэлийн холбоотой эх уран зохиолын эхүүд орж байгаа гэдгээрээ илүү их нэгдмэл байх энэ гол зүйлүүдийг гол болгож баримталж байгаа” гэдэг өгүүлбэрийг мөн л телевизэд өгсөн яриандаа хэлсэн байгаа юм. Энэ өгүүлбэр ойлгоход төвөгтэй. Би ойлгохдоо уран зохиолын хичээлийг иргэний боловсрол, ёс суртахууны хичээлтэй хамтатгая гэж үзэж байгаа юм. Ер нь дэлхийн аль ч гүрнүүдэд гоо зүйн боловсролыг өөрийн бие хүн болж төлөвшихөд 3 янзаар олж авдаг. Энэ нь уран зохиолоор, шашнаар, иргэний боловсрол гэдэг буюу аль нэг тухайн орны өөрийнхэн онцлогт тохирсоноор нь заах гуравхан зам байдаг. Тэгвэл Монголын ард түмнийг иргэний боловсрол буюу далд ертөнцийг судалдаг шинэ шашнаар хүмүүжүүлэх гээд байна уу гэсэн хардалт төрж байгаагаа нуухгүй. Ийм хүнээр төрийн жолоо атгуулж болохгүй ээ. Шинэчлэлийн засгийн газар юмаа шинэчлэх гэж байгаа бол шинэ зүйлүүдээ хийгээч, 70, 80,90-оны үеэс шинэчлэгдээгүй дээрээс нь өөрийгөө давтан сургалтад сууж боловсруулаагүй багш нараар Монголын дунд сургуульд хичээл заалгаж байгаа. Тийм учраас хүүхдүүд жилээс жилд уран зохиолд дургүй болдог. Багшаас шалтгаалж тэр хичээлд дуртай болох эс дуртай болох нь шалтгаалдаг гэдгийг бид бүхэн бүгдээрээ мэднэ. Гэтэл энэ багш нараа давтан суралцах төсөлд  хамруулаад энэ уран зохиолын мөн чанарыг тайлбарлаж өгөхийн оронд цагийн хасна гээд байж байгаа засгийн газар, яамтай монголын хүн ам эвлэрэхгүй гэдэг нь тодорхой.

-БСШУЯ-ны арга зүйн шинэчлэлээрээ бол уран зохиолын хичээлийг бусад хичээлийн суурь нь болгоно гээд байгаа?

-Эд нар чинь тус тусдаа бие даасан салбар ухаанууд. Мэдээж өөр өөрийн гэсэн холбоосоор холбогддог зүйлүүд бий. Жишээлбэл, Дамдинсүрэн гуай нь “Зугаацахаар мордсон нь” найраглал дээр үүлний тухай ярьсны дараа араас нь физик задаргааг хийж болно. Харин бүгдийн хольчихоор чинь юу болж хувирах вэ бод доо. Түрүүнд би хэлсэн шүү дээ “Учиртай гурван толгой”-н гипотенузыг ол, “Боржигоны бор тал”-ын талбайг ол, энэ “Учиртай гурван толгой”нь тэгш өнцөгт гурвалжин уу, зөв гурвалжин уу, адил талт гурвалжин уу гэдэг асуулт бий болж байгаа юм. Тэгэхээр яаж холбох гээд байгаа юм бэ? Ийм инээдэмтэй зүйл ярьж олон түмний тархийг угаахаа боль.

-Монгол хэлний хичээлийг нэг багш, уран зохиолын хичээлийг нэг багш ордог байсан. Харин өнөөдөр Монгол хэл, уран зохиолын хичээлийг нэг багш ороод байгаа?

-Энэ бол туйлын буруу зүйл. Би монгол хэл нэг их мэдэхгүй. Харин зөв бичиж бол чадна. Түүнээс биш энэ өгүүлэхүй, өгүүлэгдэхүүн, тусагдахуун нь энэ гэж хэлж мэдэхгүй. Харин би утга зохиолоо мэднэ. Гэтэл би дунд сургуульд очихоод монгол хэл, уран зохиолыг заах юм бол хамгийн том эмгэнэл. Энэ бол монголын боловсролын тогтолцооны гаж үзэгдэл юм. Үүнийгээ засал даа. Үнэхээр шинэчлэх гээд байгаа юм бол. Гэтэл шинэчлэхгүй уламжлалаараа байж байх ёстой зүйлийг шинэчлэн гээд байх хэрэггүй.

Х.Даваа