Сингапурт “Cogent Container Depot” компанийн өртөөнд ачаа буулгагчийн оператороор ажилладаг Хятадын хоёр иргэнийг ачааны машины жолоочдоос ачааг нь саатуулалгүй шуурхай ачиж буулгасны төлөө удаа дараа тус бүр нэг сингапур долларын (0.73 ам.доллар) хахууль авсан хэргээр саатуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

47 настай Чен Зилян, 46 настай Жао Юцун нарын гэм бурууг тогтоовол тав хүртэл жил шоронд хорьж, 100 мянган сингапур доллараар (73 мянган ам.доллар) торгох аж.

Сингапурын иргэд авлигад хамгийн бага өртсөн орнуудын тоонд ордгоороо зүй ёсоор бахархдаг билээ. Тус улс “Transparency International” олон улсын байгууллагын 2017 оны авлигад бага өртсөн орнуудын жагсаалтын зургаад бичигджээ.

Сингапурын Авлигатай тэмцэх газар Хятадын иргэдтэй холбоотой хэргийн талаар мэдэгдэл хийхдээ, “Хахуулийн хэмжээ нэг доллар байлаа ч зүгээр өнгөрөөж болохгүй. Ямар ч авлигын хэргийг хуулийн дагуу шийдэх нь зүй” гэжээ.