13 БАЙГУУЛЛАГА, 1 ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ 7.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АЙМАГТАА ТАТЛАА
2018/04/30
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, United Management Consulting хамтран “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт” арга хэмжээг өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 13 байгууллага, 1 иргэнтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татаж чадлаа.
Сэлэнгэ аймаг 2018 оныг “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан. Энэ хүрээнд аймагтаа анх удаа “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа. Чуулган Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын гарц, эдийн засгийн төрөлжилт-аялал жуулчлал, шинэ технологи-инноваци-ХАА, ухаалаг ирээдүй-боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн нэгдсэн хуралдаанд тулгуурлагдан явагдлаа. Чуулга уулзалтанд оролцогчидод ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь Ерөнхий консул А.Ц.Доржиев, Кувейт улсын ЭСЯ, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-аас мэндчилгээ дэвшүүлсэн бол Герман улсын GIZ-ийн эдийн засгийн бодлого, хувийн хэвшлийн хөгжлийн хэлтсийн дарга Др.С.Курц, Үндэсний хөгжлийн газрын судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд, мөн газрын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнхбат, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми, ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн зөвлөх А.Мөнхжин, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн, Швейцарь улсын иргэн, доктор Паскал Гэйрч, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Reinkle” компанийн Монгол дахь төлөөлөгч, “Торсгор” ХХК-ийн захирал Э.Жаргал, Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт, “Сэлэнгийн Герефорд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Галсанням, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нарын хүмүүс илтгэл тавив. “Сэлэнгэ аймгийн хөгжлийн ирээдүй” сэдэвт үндсэн илтгэлийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тавилаа.
Хөрөнгө оруулалтын энэхүү чуулганы хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас:
1.Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн газартай “Дижитал буюу цахимжсан хэлбэрээр орон нутгийн цогц хөгжлийн түншлэлийн талуудын хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх зорилгоор 17 суманд цахим хурлын орчин үеийн төхөөрөмж суурилуулах, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэдэд зориулсан сургалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх, Сэлэнгэ утасны аппликейшнийг хөгжүүлэх” гэрээнд
2. “Сөүл” групптэй Мандал суманд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Аялал жуулчлалын цогцолбор байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт
3.”ММС” ХХК-тай Жавхлант суманд нэгдсэн халаалтын төв, цэвэр усны шугам барих 1 тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээнд
4. Швейцарь улсын иргэн Пасгал Гейртсэй Сүхбаатар суманд цанын бааз байгуулах санамж бичигт
5.”Монланс тур” ХХК-тай Жавхлант сумын Ерөө голын Ногоон тохойд “Жавхлант Эко тур” жуулчны бааз байгуулах 2.6 тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээнд
6. “Сэлэнгийн Герефорд” ХХК-тай Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор герефорд үүлдрийн өсвөр насны үржлийн 20 бухыг жил бүр нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт
7. “Болд төмөр ерөө гол” ХХК-тай Ерөө сумаас Бугант тосгон хүртэл 70 км хайрган хучилттай зам барих хамтын ажиллагааны санамж бичигт
8. “ТопКроп” ХХК-тай Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарт АНУ-ын усалгааны сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, усалгаатай тариаланг нэмэгдүүлснээр Сэлэнгэ аймгийн ургацын эрсдэлийг бууруулах, усалгаатай тариаланг түшиглэж эрчимжсэн газар тариалан мал аж ахуй хосолсон фермерийн аж ахуйг хөгжүүлэх, усалгаатай тариалангийн чиглэлээр АНУ-ын Небраска мужаас агрономич урьж ажиллуулах, Сэлэнгийн хөдөө аж ахуйн залуу боловсон хүчнийг тус мужийн фермүүдэд дадлагажуулах зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэх “Сэлэнгэ-Усжуулалт” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт
9. “Карьер хөгжлийн төв”-тэй Сэлэнгэ аймгийн иргэд залуусын зан төлөв, авьяас сонирхол хандлага, ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн сургалт, зөвлөгөө өгч ажил мэргэжлээ зөв сонгоход нь туслах болон ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй, өрсөлдөх чадвартай , баялаг бүтээгч Сэлэнгийн иргэнийг бий болгох зорилгоор “Карьер хөгжлийн төв“ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт
10. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сургах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд
11. Буриад Улсын их сургуультай Сэлэнгэ аймгийн хүүхэд залуусыг тус сургуульд сургах, ОХУ-ын их дээд сургуульд элсэхэд бэлдэх, орос хэлний сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд
12. Сибирийн хэрэглээний хоршооллын их сургуультай Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийг бэлтгэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээрх сургуулиудад мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг явуулах, сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд
13. Архивын ерөнхий газартай Төрийн архивын зориулалтын байртай болгох санамж бичигт
14. Хууль зүйн туслалцааны төвтэй Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны мэдээлэл, туслалцаа үзүүлэх, жишиг хууль зүйн туслалцааны төвийг байгуулж, техник тоног төхөөрөмжөөр хангах хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.
Чуулганыг хааж хэлсэн үгэндээ Сэлэнгэ Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Өнөөдөр бидний зорьсон зорилт хүссэн үр дүн тодорхой хэмжээнд хүрлээ гэж дүгнэж байна. Чуулганы арга хэмжээнд хүрэлцэн ирж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, гурван тулгуурт хөгжлийн бодлого, Сэлэнгэ аймгийн өрсөлдөх чадвар, Олон улсын тогтвортой эдийн засаг зэрэг хэрэгцээт мэдээллийг өгсөн төрийн байгууллагуудын төлөөлөл, санал бодол, туршлагаасаа хуваалцсан үндэсний болон орон нутгийн бизнесийн төлөөлөл, Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад талархалаа илэрхийлье. Та бүхний оруулж буй хөрөнгө оруулалтуудыг үр өгөөжтэйгээр хэрэгжүүлж, хамтын ажиллагааны үр ашгийг хамтдаа хүртэнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна” гэлээ.
Сэлэнгэ нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, түншлэлийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, аймгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Сэлэнгэчүүдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, хөгжсөн аймгийг бүтээн байгуулахад энэхүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулганы ач холбогдол оршиж байлаа.