Өнөөдөр Сэлэнгэ аймгийн орж, гарах хаалга болох Сүхбаатар самбар дээр аялал жуулчлалын мэдээллийн цэг ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт, хөтөлбөрийн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ, аймгийн ҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг болон иргэний нийгэм, жижиг дунд үйлвэрлэгчдийн холбооны удирдлагууд, төлөөлөл оролцлоо.

Энэхүү цэг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачлагаар ЭТИС хөтөлбөр болон аймгийн Засаг даргын хамтарсан санхүүжилтээр баригдлаа.

Аялал жуулчлалын гол улирал болох 3-аас 11 дүгээр сард дотоод, гадаадын аялагч амрагчдад аймгийнхаа тухай, амралтын газруудын талаар мэдээлэл өгөх, Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалах зорилготой. Сэлэнгэ аймаг бол аялал жуулчлал хөгжих бүх талын боломжтой аймаг. Түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар нутаг олонтой, дэд бүтэц холбоо харилцаа бүрэн хөгжсөн аймаг.

Энэ аймгийг зорин ирсэн хэн бүхэнд аймгаа сурталчлан таниулсан танилцуулга мэдээлэл, зурагт хуудас, маршрутыг энэ цэг дээр байршуулна. Аялагч, жуулчид эрс багассан сэрүүний улиралд нээлтээ хийж байгаа ч урин хавар цаг аялалын улирал хэдхэн сарын дараа эргээд л ирнэ.

Энэ үед Сэлэнгэ аймгийг зорин ирсэн хэнд ч гэлээ энэхүү цэгийн үүд хаалга нээлттэй байх бөгөөд хаана ямар амралт хэр хол зайд байдаг, яаж хүрэх талаар, аль сумын аль нутагт ямар түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар нутаг байдаг талаарх аялалын маршрутыг үзэж, сонгон аялах боломжтой. Мөн Сэлэнгэ нутгийн брэнд бүтээгдэхүүн, гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авч болно.