ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байна.

Жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгслийг худалдан авах тендер зарласан тул он гараад хэвлэж эхэлнэ. Тэр хүртэл түр зөвшөөрөл олгож байгаа учраас үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гараагүй гэж Бүртгэл хяналтын төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн хошууч н.Очирбат хэлсэн юм.

Тэрээр " Энэ жилийн хувьд жолооны үнэмлэхний хэвлэлтийн асуудалд ямар нэгэн доголдол явагдаж байсан. Өнгөрсөн 11 сард үнэмлэхний бэлдэцийн нөөцийн асуудал үүсч болзошгүй учраас манай байгууллагаас Хуульзүй дотоод хэргийн сайдын баталсан журмын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр үнэмлэх олгож эхэлсэн байгаа. Түр үнэмлэх гурван сарын хугацаанд хүчинтэй. Тэгэхээр үнэмлэхээ ямар нэгэн байдлаас болж хаяж, үрэгдүүлсэн бол  холбогдох шалгалтын өгөөд түр үнэмлэх авах боломжтой" гэв.