МОНГОЛ СУДЛАЛЫГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР САНАЛ СОЛИЛЦОВ
2018/06/10
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, профессор Бирталан Агнеш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Унгар улс дахь монгол судлалын төвийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр (2018-2021)-ийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Ингэснээр ойрын хэдэн жил монгол судлалыг дэмжин хөгжүүлэх бодлого тогтвортой байх нөхцөл бүрдэж байна. Унгар улсын монгол судлал эртний түүхтэй, баялаг өв уламжлалтай. Эдүгээ Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд бие даасан Монгол судлалын төв байгуулагдаж, тэнд монгол судлалын шилдэг судлаачид ажиллаж, судалгаа шинжилгээний ажлаа хийж байгаад талархаж байна. Мөн Элтэ их сургуулийн монгол судлалыг 2014 оноос эхлэн зохих хэмжээгээр дэмжсээр ирснийг та бүхэн мэдэх байх. Цаашид ч бид та бүхний монгол судлалын сургалт, судалгааг бүх талаар дэмжиж ажиллах болно” гэв. Түүнчлэн БСШУСЯ-наас гадаадын монгол судлалын төвүүдийг урт хугацаанд тогтвортой дэмжихээс илүүтэй богино хугацаанд бодит үр дүн үзүүлэх ажил, төсөл, хөтөлбөрийг дэмжих бодлого баримталж буйгаа илэрхийллээ. Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, профессор Бирталан Агнешийг хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа хэлээд, Монголын шашин шүтлэг, ардын аман зохиол гээд унгарчуудын хийсэн бүхий л судалгааг зөвхөн судлаачдад танилцуулаад зогсохгүй нийт ард иргэдэд ч танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад мөн Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар оролцож, санал бодлоо хуваалцсан юм. Тэрбээр “Монгол судлалыг гадаадад бүсчлэн хөгжүүлэх хэрэгтэй байна. Саяхан Польшийн нийслэл Варшав хотод 11 орны 50 гаруй эрдэмтэд оролцсон монгол судлалын хурал маш амжилттай болсон. Наймдугаар сард залуу монгол судлаачдын зуны сургалт Улаанбаатар хотод болно. Үүнд оролцохоор одоогоор есөн орны 20 гаруй залуус бүртгүүлээд байгаа. Ингээд мөн сард “Дэлхий дахинд монгол сурвалжийн өв” сэдэвт хурал хийхээр төлөвлөсөн. Үүнд дэлхийн голлох эрдэмтэд оролцоно. Мөн ирэх 11 дүгээр сард Японы Токио хотод Азийн монгол судлалын хурал болно. Салбарын сайдыг эдгээр ажлыг дэмжиж ажиллахыг хүсэж байна” гэв. Монгол судлалыг шинэ шатанд гаргах бүхий л ажлыг салбарын сайд, салбар яам бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд хэллээ.
Эх сурвалж: БСШУСЯ