Залуу эрдэмтдэд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгов

БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтэд өнөөдөр батламжаа гардан авлаа. Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор энэхүү тэтгэлгийг 86 залуу доктор хүртээд байна.

Энэ жил БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт ирүүлсэн 47 төслөөс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгарууллаа. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.

 

Инновацийн тэтгэлэг авах болзол хангасан залуу эрдэмтдэд батламжийг нь гардуулах үеэрээ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Дээд боловсролын чанарыг дээшлүүлж, ахисан түвшний мэргэжилтэн бэлтгэх нь нэн чухал болоод байна. Улс орны хөгжлийг шинжлэх ухааны судалгаагүйгээр төсөөлөх аргагүй. Тэтгэлэг авч байгаа залуу эрдэмтэд маань олон улсын түвшинд хүрсэн судалгааны үр дүнг гаргахын төлөө ажиллаарай” хэмээн залуу эрдэмтдэд онцлон захилаа.

 

Залуу эрдэмтдийг төлөөлж үг хэлсэн ШУА-ийн Хими, хиимийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нарандалай “Шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг байнга дэмждэг БСШУСЯ-ны удирдлага, хамт олонд баярлалаа. Сайдын нэрэмжит энэхүү тэтгэлэг залуу судлаачид бидний урам зоригийг сэргээж, дараа дараагийн судалгааны ажилд маш том дэмжлэг болдог” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.   

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит  2018 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийнтэтгэлэгт шалгарсан  судлаачдын жагсаалт:

Нэр Төслийн нэр Байгууллага
1 Нагаанбуугийн Маралмаа Байгаль орчноо танин мэдэх угсаатны зүйн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх судалгаа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн 
2 Дашзэвгийн Эрдэнэчимэг Хачигт энцефалит болон япон энцефалит өвчнийг ялган оношлох фермент холбоот эсрэг биемийн урвалын цомог бэлтгэн нийлүүлэх нь ХААИС-ийн Мал эмнэлэгийн хүрээлэн
3 Игорийн Хатанбаатар Криптоспоридиозыг оношлох рекомбинант бэлдмэл бэлтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх ХААИС-ийн Мал эмнэлэгийн хүрээлэн
4 Лхамжавын Жамбалжамц Мөндөр ба аадар борооны үүлний симуляцийн судалгаа МУИС
5 Түмэндэлгэрийн Атарсайхан Хөх далан хальс жимсээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэн
6 Буджавын Ууганбаяр Орон нутгийн стратеги, хөгжлийн загвар боловсруулах нь ШУТИС, ХШУС
7 Зоригтын Бадамхатан Хожуу цэрдийн үеийн эвэрт үлэг гүрвэл Рготосегаторs аndrewsi-ийн мөчний элементүүдийн гистологийн харьцуулсан судалгаа ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн
8 Лувсандорж Байгалмаа Стрептокиназа фермент нийлэгжүүлэгч streptоссиз sрр-ийн омог гарган авах микробиологи, технологийн судалгаа ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн
9 Бямба-Очирын Нарандалай Химийн аргаар сайжруулсан идэвхжүүлсэн нүүрсэн шингээгч материал гарган авч, хөнгөн үйлдвэрийн хаягдал уснаас будагч бодис салгах ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн
10 Ядамын Рэнчинванжил  Малчдын ахуйн хэрэглээний энергийн хэмнэлттэй төхөөрөмжийн судалгаа, туршилт үйлдвэрлэл ШУТИС, МТС