Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр өчигдөр тохиож, хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглолоо. Сар шинийн өмнөх цагаан сарын барилдааны өнгийг тодорхойлдог энэхүү барилдаанд барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул, улсын харцага Оргихын Хангай найм даван түрүүлж, сүүлийн таван том барилдаанд дараалан түрүүлсэн амжилт үзүүлсэн байна.

Харин үзүүрт Увс аймгийн Ховд сумын уугуул улсын аварга Намсрайжавын Батсуурь, их шөвөгт Архангай амйгийн Булган сумын уугуул, улсын арслан Ринченбямбын Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, улсын начин Доржийн Анар нар үлдсэн байна.

Өчигдрийн барилдаанд олон түмний хайр хүндлэлийг хүлээсэн аваргын үйлдэл олныг бухимдуулсан болохоос үнэндээ үзэх юм ихтэй сайхан барилдаан болсон юм. Харин Н.Батсуурь аваргын үйлдэл үнэндээ хүмүүст таалагдсангүй. Тэрбээр 18-хан настай залуу бөхтэй барилдах үеэрээ дээр авч шидэн хүзүүгээр нь нугалж хүчтэй шидчихээд юу ч болоогүй мэт хээвнэг яваад өгсөнд нь бөхөө дээдэлдэг, бөхөд дуртай олныг дургүйцлийг төрүүлжээ.

Ямартай л сошиалаар “Тэр хүү гайгүй юу? Юу болсон бэ! Бөхийн холбоо залуу бөхийг бүрэн шинжилгээнд хамруулж, МRI хийлгэж, эмчлүүлж, бүх зардлыг нь Н.Батсуурь гэдэг хүнээс гаргуулж олон түмэнд мэдээл” гэж шаардаж байх вэ.

Монгол бөхийн ёс жудгийн талаар бөхөд хайртай монгол түмэнд зориулсан зохиол, бүтээл ч олон байдаг. Эдгээр бүтээлээс олонд хүрсэн нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Гарьд магнай” УСК юм.

Киноны нэгэн үйл явдлыг эргэн сануулъя. Овооны наадамд ирж барилдсан амбантны цагаан Жигмэд гэгч бөх залуу бөхийг Н.Батсуурь аварга шиг дэвжээн дээр хага шидчихээд жишим ч үгүй гарч явахад молиго Очир буюу Очир заан “Жигмэд чи бөх хүн байж нэгийгээ ингэж хорлож явах гэж Аагархаж, омгорхож явна гэдэг чинь бяр тэнхээгээ харуулж байгаа юм биш дээ. Дамаан шинэ соргог гарч яваа залуу улсуудын зоригийг мохоочихвол бид залгамжлах бөхчүүдээ үгүй болгоно гэсэн үг. Бөх хүнд чинь нэр төр, зөөлөн сэтгэл гэж байдаг юм. Зодог сэнж зүүв үү үгүй юу атаа хонзон, авцаа өгцөө өвөрлөж явах учиргүй. Хүчтэний өлгий өлзийт торгон дэвжээгээ өс хонзонгийн чулуун дэвсгэр ч болгохгүй шүү. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн ариун ёс, сайн сайхан бүгдээ бид хадгална ч, хамгаална ч” хэмээн хэлдэг. Энэ бол бөхийн уламжлалд өчигдрийнх шиг үйлдэл гаргаж болохгүй гэдгийг тод томруунаар харуулсан санаа юм.

Очир заан энэ үеэр Далайцэрэнд “Бөхчүүдийн дотор хааяа нэг амиа бодсон иймэрхүү сүг таардаг юм. Дамаан та нар шиг гэнэн залуу улсуудад тун их халтай даа. Саяын залуу бөх дахиад барилдаж чадахааргүй бэртсэн байж ч мэднэ” гэдэг.

Тэгвэл өнөөгийн бөхийн ертөнцөд залуу бөхчүүдэд халтай “сүг”-ээр Н.Батсуурь аварга тодорч байх шиг байна. Түүнд монгол бөхийн жудаг байна уу?

Эцэст нь монгол бөхийн жудаг хаачив гэж асуумаар байна.   

Д.Мөнх

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=17216