Хүн бүрт өөр өөрийн гэсэн зовлон жаргал байдгыг байнга ухаарах юм аа. Би ч гэсэн их бага гэлтгүй нэгэн асуудалд шаналах боллоо. Та бүхэн минь төвөгшөөлгүй надад зөвлөөрэй. 
Би 28 настай, төрийн байгууллагад ажилладаг, жирийн л нэг эмэгтэй. Хүн харахад ямар ч асуудалгүй, сайхан амьдардаг хүн. Үеийхэн маань дор хаяж 2;3 хүүхэдтэй зарим нь эхнээсээ алдарт эхийн одон энгэртээ гялалзуулж, зарим нь хоёрдохь амьдралаа шахуу зохиож байхад би гэж хүн гэр бүл болж, амьдрал зохиох нь байтугай хүнтэй үерхэж ч үзээгүй. Бараг хар багаасаа шахуу нэг залууд сайн болж сэтгэлээ илчилж чадахгүй олон жил явсаар нэг мэдэхэд хүний хүн болсон доо.

Тэр үед ер нь миний араас гүйдэг залуус байсан ч, би хайр дурлал гэж яарч гүйх болоогүй, хичээл ном, ажил мэргэжилдээ сайн байх ёстой гэж бодон бусад залууст ч нүүр өгөлгүй, өөрийнхөө хайртай хүндээ ч сэтгэлээ илчлэхгүй хажуунаас нь ажиглаад л шахуу явсаар одоо л болно доо гээд сэтгэлээ илчилэхэд хайртай хүн маань найз охинтой болсоноо, тэр хүнтэйгээ амьдралаа холбохоо хэлсэн юм. За тэгээд ч нөгөө хүнээ мартаж, бас хэсэг ганцаар явлаа.

Гол асуудал нь одоо мэдээж ганц бие хүн учраас уулзья учрая гэсэн залуучууд байх л юм, чатаар ч юм бичих юм. Гэхдээ ихэнх л ганц шөнийн зорилготой санагдах юм. Мэдэхгүй юмдаа эсвэл надад дандаа тийм санагдаад, тийм хүмүүс таарчихав уу. Нуугаад яахав, уулзах санал тавьсан ганц 2 хүнтэй уулзаж, учирч явж үзсээн. Гэтэл үнэн сэтгэлийн хайр халамж биш, зүгээр л хааяа уулзаж унтах хэвтэх л сонирхолтой хүмүүстэй таарлаа. Бүр чухам л чамд дурлачихаад байна гэчихээд ганц шөнийн жаргал хийгээд хаядаг хүнтэй ч таарлаа.

Гурван ч удаа, иймэрхүү л сонирхолтой, цаашлая гэсэн бодолгүй хүнтэй таарсан би одоо үнэхээр дахиж шинэ хүнтэй холбоо тогтоох хэрэгтэй юу гэж бодох боллоо. Энэ хүмүүсээс хайр дурлал мэдрэх нь байтугай, өөрөө ч дурлаж хайрлаж сүйд болсонгүй тэгсгээд больсон. Уг нь би гэр бүлийн харилцаанд их үнэнч, няхуур хандах ёстой гэж боддог ч дандаа л цаашид бүтэхгүй хүмүүстэй таарлаа. Одоо бол уг нь бусдын л адил хайрлаж, дурлаад, хамтдаа амьдралаа босгоод, гэр бүл зохиогоод, хөөрхөн үр хүүхэдтэй болоод явмаар санагдах юм. Гэтэл тийм зорилго, сэтгэлтэй хүнтэй огт таарахгүй юм. Би уг нь хүнийг нэг их гадаад үзэмж, ажил төрөл, мөнгө төгрөгөөр нь 
биш хүнд хүн шиг хандаж, амьдралын төлөө сэтгэлтэй сайн хүн байвал л гэж бодох юм. Эсвэл би бага зэрэг махлаг л даа. Үүнээс болдог юм болов уу?

Хэдэн жилийн өмнөөс эмийн зохисгүй хэрэглээнээс болж жин нэмж, бага зэрэг таргалсан ч (буцаж жин хасах хэцүү) өөрийгөө нэг их хүн аймаар гэж огт боддоггүй, дээр нь одоо бие маань эрүүл саруул. Царай зүс, ажил төрөл нэг их гологдохгүй л гэж боддог. Энэ махлаг байдлаа л асуудал, хүнд тоогдохгүй байх шалтгаан гэж бодох боллоо.

Хүнд жинхнээсээ хайрлуулж, чин сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлаж үерхэж үзэх юмсан л гэж бодох боллоо. Сүүлийн үед бүр үүнээс болж янз бүрийн л юм бодож сэтгэл санаагаар унах боллоо. Үнэхээр би тийм хэнд ч тоогдохгүй хүн юм болов уу, эсвэл тэр хайрын ханийн тэнгэр гэдэг нь надад байдаггүй юм болов уу, сүүлийн үед хүмүүс зүгээр л уулзаж учраад физиологийн шаардлагаа хангачихад, хүн хүнээ хайрлана гэдэг тийм чухал биш болсон юмуу, эсвэл би ч тийм хүнд буруу ойлгогдохоор санагддаг юмуу, эсвэл үнэхээр хүмүүст царай зүс гадаад үзэмжээрээ гологдоод, ганц уулзаад л хаяая гэж бодогддог юм болов уу.

Үнэхээр ийм асуудлаас болж сэтгэл санаа ч хямрах боллоо. Нуршсан бол уучлаарай, та бүхэн минь сэтгэгдлээ хуваалцаж зөвлөгөө өгөөч. Сөрөг коммент үлдээхгүй байхыг хүсье.