Экологич Д.Туяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр Булган аймгийн Ташин цэл суманд өрнөж байгаа уул уурхайн компанийн хууль бус үйл ажиллагааны талаар Ерөнхий сайдад дуулгахаар өнөөдрийн хэвлэлийн хурлаа хийж байна гэв.

"Алтан Дорнод монгол компанитай 2014 оноос хойш Булган аймгийн иргэд удаа дараа шаардлага тавьж, тэмцэж байна. Төрийн эрх баригчид улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн тусгай зөвшөөрлийг татан авахаа мэдэгдсэн. Тэгвэл энэ компанийн хууль зөрчиж 1971 онд хайгуул хийсэн тусгай зөвшөөрлийг татан авч, улс мэдэлдээ ав гэдэг хүсэлтийг гаргаж байгаагаа хэлье. Олон жил хайгуул хийсэн нөхөн төлбөрөө улсаас авна гэдэг асуудал үүсдэг. Гэтэл манай улсад нөхөн төлбөрийг олгох боломжгүй учраас энэ уул уурхайн компаниуд хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа юм. Миний хувьд 10 гаруй жил экологич мэргэжлээрээ ажиллаа. Ард иргэдтэй хамтран ажиллаж хуулийн өмнө эрх тэгш эрхийг эдлэе. Алтан Дорнод монгол компанид улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг татаж аваачээ гэдгийг хэлмээр байна. Ерөнхий сайдад би бүх нотлох баримтыг өгнө.

Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон. 2012 онд тухайн үеийн Засгийн газарт ажиллаж байсан таван яамны сайд нар хамтарч ажлын хэсэг байгуулаад Алтан Дорнод монгол компанийн өрийг барагдуулсан тухай шийдвэр гаргасан байдаг. Энэ нь өөрөө хууль зөрчсөн шинжтэй байсан. Бид нар авлигал, хээл хахууль, улс төрийн шинжтэй гэж үзээд дахин хуулийн байгууллагад хандаж байна. Яагаад гэвэл, бид 2014 оны 12 сард АТГ-т анх энэ компанийн талаарх асуудлыг өгсөн. Ингэхэд Сү. Батболд, Д.Оюунхорол нартай холбоотой асуудлыг өгөхөд ямар ч хариу өгөөгүй. Сүүлд Дөлгөөн гэж хүнд өгөхөд өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. 

Мөн Алтан Дорнод монгол компани 20 гаруй сая.доллараар хохироосон. Энэ татварын өр төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй баримт бидэнд байгаа. Мэдээллийн санд нь хандахаар энэ компанийг 74 сая төгрөг төлчихсөн гэсэн бичиг ирдэг. Гэтэл өнөөдөр Сангийн яамнаас болон Үндэсний аудитын газраас авсан бичгээр өрөө одоог хүртэл төлөөгүй байгаа" гэсэн юм.