126 гишүүний олонх дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ОГЦОРСОНД ТООЦЛОО

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцүүлж, нууц саналд хураалт явууллаа. Нууц санал хураалтад нийт 82  гишүүн оролцсон. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт, асууж үг хэлж дууссны дараа санал хураалтад оролцохгүйгээр чуулганы танхимыг орхин гарсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэх хүлээлгэх тогтоолын төслийн санал хураалтад оролцохгүй гэх шийдвэрээ гаргасан юм.

Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлах эсэх санал тус бүрээр санал хураахад зөвшөөрсөн 44 буюу нийт гишүүдийн 53.6 хувь, татгалзсан саналын хуудал 38 буюу 46.4 хувь байна” хэмээн танилцууллаа. Ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг 44 гишүүн Итгэл хүлээлгэхийн дэмжсэн бол 38 нь дэмжээгүй гэх санал өгчээ. Тэгвэл Дэгийн тухай хуулиараа нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн бол Ерөнхий сайдад Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл дэмжигдэх байлаа. УИХ-ын гишүүдийн олонх итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлаагүй хэмээн үзэж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж хуульчилсан байдаг.

Иймд дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч бөхөхгүй. Аалзны тор мэт сүлжилдсэн эрх ашиг ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Дараагийн Ерөнхий сайдад өрнүүн их амжилт хүсье. Бүх талаар дэмжиж ажиллана