2019 онд татварын багц хуульд өөрчлөлт орсноос хойш харьцангуй богино хугацаанд дахин реформын шинжтэй томоохон өөрчлөлтийг оруулахаар ийнхүү боловсрууллаа.

Энэхүү багц хуулийн төслийг боловсруулахад улс орон даяар, давхардсан тоогоор 13,000 гаруй татвар төлөгчийг хамруулсан 150 удаагийн уулзалт, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, 176 мянга гаруй саналыг авч дүн шинжилгээ хийлээ.

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах, нөгөө талдаа татварын тогтолцоо, бүртгэл, хамрагдалтыг сайжруулах, бүх нийтээр жигд шударга төлдөг татварын орчин бүрдүүлэх, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжихэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулсан билээ.

- Бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, үүнээс 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус НӨАТ-ыг хөнгөлж буцаан олгох,

- Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгох,

- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэх

- Аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босгыг 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулах,

- Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд 1 хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 3 жил хөнгөлөх

- Жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь хялбаршуулсан горимд хамрагдаж, татвар төлөх боломжтой болох, баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасагдах эрхийг нээх

- Татвар төлөгчид татвар, гаалийн байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, татвар төлөгчийг дэмжихийн тулд шаталсан сургалтууд зохион байгуулах, 24 цагийн турш ажиллах автомат хариулагч ажиллуулах болон татварын өр төлөх хугацааг уян хатан зохицуулах, хариуцлагатай татвар төлөгчид бодит урамшуулал олгох зэрэг заалтуудыг хуулийн шинэчлэлд тусгаад байна.