Хүүхэд хүчирхийлсэн хүнд бэлэг эрхтнийг ажиллагаагүй болгодог тариа хийдэг болъё гэхээр хүчирхийлэгчийн эрхийн асуудал яригддаг юм билээ
4 цагийн өмнө
Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн тавдугаар бүлэгтэй холбоотой саналыг хэлэлцэв.
ХЭҮК-оос тус илтгэлээс гадна шийдвэр гаргуулах 45 саналыг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын дарга ХЭҮК-ын саналыг холбогдох байнгын хороодод хуваарилснаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн тавдугаар бүлгийг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн нь энэ юм. Тус бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан байна. Уг саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Бид хүүхдүүдээ бэлгийн хүчирхийллээс хамгаалж чадахгүй байгаа. Бэлгийн хүчирхийлэгчийг олон нийтэд зарлахгүй байгаа. Хохирогч хүүхдийн талаар л мэдээлдэг. Тухайн хэрэг үйлдэгчийг харин ч эсрэгээрээ хамгаалж байгаа. ХЭҮК-ын илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр тэдгээр хүмүүсийг тарьдаг болбол яасан юм бэ гэж би асуусан. Тариа хийе гэхээр хүчирхийлэгчийн эрхийн асуудал яригддаг юм билээ. Мөн зарим хүн тариад унтуулах юм шиг ойлгосон байсан. Би олон улсад хэрэглэдэг, бэлэг эрхтнийг ажиллагаагүй болгодог тариаг хэлсэн юм.
Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг давтан үйлддэг этгээдийн мэдээлэл ХЭҮК-т байна уу. Ер нь ийм мэдээлэл байдаг уу. Орчин тойронд нь бэлгийн хүчирхийлэгч байна шүү гэдгийг яагаад мэдээлдэггүй вэ. Яагаад гэвэл эдгээр хэргийн 70 орчим хувийг хохирогчийн ойр тойрныхон үйлддэг. Бид хүүхдээ хамгаалахаас илүү нэр төрөө хамгаалж байна. Хүчирхийлэгчийг нийтэд зарладаг болъё. Эрх зүйн орчноо өөрчилье.
Нөгөө талд насанд хүрээгүй хүүхдүүд үерхдэг. Сургалт хүмүүжлийн байгууллагад хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хоригдож буй хүүхдүүд байдаг. Гэтэл судлаад үзэхээр эдгээр хүүхдүүд найзалж, үерхэж байхдаа бэлгийн харилцаанд орсон нь цөөнгүй байна. Хэлбэрийн болон агуулгын шинжийг харгалзаж үзэхгүйгээр холбогдогч этгээдийг буюу эрэгтэй хүүхдийг шууд хорьчхоод байна. Үүнийг нэг талдаа буруу гэж харж байна. Бид хүүхдэдээ мэдээлэл дутуу өгсөн байна. Энэ тохиолдолд арай зөөлөн арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Бэлгийн хүчирхийллийг давтан үйлдсэн хүний тоо цагдаагийн байгууллагад байдаг байх. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо сэтгэл эмзэглүүлэм байгаа. Ялангуяа энэ тоо бүртгэгдсэнээсээ 2-3 дахин их байх магадлал маш өндөр.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр шүүх шинжилгээний байгууллагад үзлэг хийлгэсэн хүүхдийн тоо бүртгэгдсэн тооноос 2-3 дахин их байгаа. Яагаад илүү байгааг судлах шаардлагатай байна. Тиймээс ХЭҮК-оос энэ саналыг гаргасан. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон шалтгаан нөхцөл, хэргийг үйлдэгч, энэ төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг нь бүрэн судлагдаагүйн улмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бүх талыг оролцуулсан нарийвчилсан судалгаа хийгээч гэдэг санал, зөвлөмжийг өгч байгаа.
Химийн аргаар тайган болгон аргыг бусад улсад хэрэглэдэг. Жишээ нь, Солонгос улс анх 2011 онд нэвтрүүлсэн, АНУ-д 1996 онд энэ аргыг танилцуулсан байдаг. Үүнээс гадна мэс заслын аргаар тайган болгох арга хэмжээг авдаг.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс давтан үйлдэх магадлал өндөр гэдэгтэй санал нэг байдаг. Өөрөө хэлбэл, тэдгээр хүмүүст хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох ёстой. Тийм ч учраас ХЭҮК-оос бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд ордог гаж зан үйлтэй хүмүүсийг илрүүлж, хяналт тавьдаг зохицуулалтыг бий болгох санал гаргасан. Үүнийг шийдэх юм бол бэлгийн хүчирхийлэгч дахин гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Энэ төрлийн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага болон зарим судлаач судалдаг. Гэвч судалгааны үр дүнг бодит арга хэмжээ болгох ажил хангалтгүй байна.
Зочин · 21 минутын өмнө
SHAALFN80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXN80955877
Зочин · 4 цагийн өмнө
XUCHINDUULN80955877BOOB XXNO