Таван хоногийн дараа Олон улсын хүүхдийн баяр болох гэж байна. Өмнө нь Тэдэнд ууттай бэлэг биш "ЭРХ" ... хэрэгтэй байгаа талаар хөндөж байсан бол энэ удаад тэдний эрхийг өдөр бүр хамгаалах цаг хэдийнээ ирчихээд байгааг онцлоё. 

Манай улс дайн, байлдаангүй улс. Томчуудын эхлүүлсэн хүсээгүй дайнаас болж хойч ирээдүй болсон үрс минь том болох мөрөөдлөө биелүүлж чадахгүй хорвоогоос халих боллоо.

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхээ насанд хүрэгчид маш сайн мэддэг хэрнээ хүүхдүүдийг арай амьд эрхтэй гэдгийг умартдаг биш байгаа даа. 

Жолооч сэтэр зүүж, дөрвөн дугуйтай төмөр хүлэг унасан хүн бүр хүүхдийн эрхийг зөрчиж байна. Тухайлбал, Сонгино Хайрхан дүүргийн нутаг 3 дугаар хороо Бага нарангийн гудамжинд "Hyundai 5TON" автомашин айлын гэр мөргөж, гэрт байсан 10 настай Э нас барж, жолооч 41 настай Б гэмтсэн осол гарсан юм. Ийн томчуудын болчимгүй үйлдлээс бол гэртээ эрүүл саруул байсан хүүхэд амиа алдав. 

2010-2016 оны хооронд зам тээврийн ослоор 300 хүүхэд амиа алдсан. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн зургаан ангид суралцдаг сурагч хүүхдүүд үгүй болсон гэсэн үг.  Мөн 2017 онд  улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1018 бүртгэгдэж ослын улмаас 59 хүүхэд амь насаа алдаж, 1117 хүүхэд гэмтэл авснаас 205 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. Түүнчлэн өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 550 хүн амь насаа алдсаны 45 нь хүүхэд байжээ. Энэ 45 хүүхдийн 38 нь буруу тээвэрлэсний улмаас буюу хамгаалах бүсгүй, тусгай зориулалтын суудалгүйн улмаас амь насаа алдсан байдаг аж.

Ийн хүсээгүй дайнаас үрсээ хамгаалъя.  Хүүхдийн амьд явах эрхийг хамгаалах нь томчууд бидний үүрэг гэдгийг хаа хаанаа санах нь зүйн хэрэг болоод байна.