“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хуралдаан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж буй юм. 

Өмнө нь буюу есдүгээр сарын 25-ны өдөр тус шүүхээс Б.Баатарт хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин энэ удаад прокурорын байгууллагаас гаргасан цагдан хориулах саналыг хэлэлцэж байгаа юм. Б.Баатар шүүх хуралдаанд өөрөө оролцож байгаа бөгөөд шүүхийн гадна түүний ойр дотнынхон болон “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчид цугларсан.

“Монгол хаан”  бүтээлд продюсер, жүжигчнээр ажилласан А.Баярцэцэг “Монгол хаан жүжиг улс төрийн дайралт гүтгэлэгт өртөж байгаа. Тэр дундаа улсаас, яамнаас мөнгө авч Лондон хотод тавьсан, мөнгө угаасан гэдэг үндэслэлээр Б.Баатарыг шалгаж байгаа юм шиг байна билээ. Бид хоёр жилийн хугацаанд бүх санхүүгийн тайлан, баримтаа өгөх ёстой газар нь өгч байсан учраас гэм буруутай зүйл тогтоогдоогүй.

Харин өчигдөр болсон шатахууны хомсдолтой холбоотой жагсаалд оролцсон нэг залуу “Монгол хаан” жүжгийн мерчандайз малгай өмсөж очсон байсан. Тэр залуугийн зургаар “Баатарын зохион байгуулалттай жагсаал болж байна” гэдэг гүтгэлэг тарсан. Ингээд өнөөдөр баривчлах асуудал руу орж байна.

Бид шүүхэд ямар нэгэн хүндрэл учруулах гэж цуглаагүй. “Монгол хаан” жүжиг маань дараа жилийн гуравдугаар сард Туркэд, зун нь Америкт тоглогдох хуваарьтай байгаа. Бид аль нэг улсын тайзан дээр тоглохын тулд тухайн улсын продюсеруудтай өдөр бүр холбогдож, тухай бүрд нь шийдвэр гаргахад найруулагч Б.Баатар оролцдог. Нэг хүнийг харлуулж гүтгэх явуулгаас болж манай төсөлтэй хамтран ажиллаж байгаа маш олон орны хөрөнгө оруулагч, продюсерууд хохирч байна. Тиймээс цагдан хорихгүйгээр шалгаач ээ, бид “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна. Энэ явдлаас болж төсөл маань зогсвол маш харамсмаар явдал болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.