НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

БОГДЫН НОГООН ОРДНЫ “ЦЭМЦГЭР” ХАНД

1900-гаад оны эхэн үед “Цэмцгэр” Ханд хэмээх бүсгүй Да хүрээнд царай зүс, авхаалж самбаагаараа тэргүүлж байсан байх бөгөөд энэ бүсгүй 8-р Богд Жавзандамбын хатан Дондогдуламын төрсөн эгч Дэндэвдулам, Богд хаантай нэг үе амраглаж байсан ч улсын эх дагина болох хувь дутсан “Ухаа хонгор” Юмнэрэн нартай үеэрхэх далимаараа Богдын ногоон ордоноор хааяа нэг наадам цэнгэл үүсгэдэг байж.

Дэндэвдулам нь Хөвчийн жонон ван Цогбадрахын гэргий, Юмнэрэн нь Богдын таалалд нийцэж асан цуутай хүүхэн байсан болохоор Да хүрээний баян чинээлэг эрчүүд энэ хоёроос жийрхэж, харин нөхөр сүүдэргүй “Цэмцгэр” Хандтай суух гэж тэмүүлдэг байжээ.

Гэвч хар багасаа сурвалжит хүний гэрт өсч торнин 16 насандаа Бээжин, Манжуур яваад үзчихсэн, бусдыгаа бодвол юм үзэж, нүд тайлсан “Цэмцгэр” Ханд баргийн эрд хариу өгдөггүй байж. Царай ялдам, бие эвлэг, ааш элгэмсэг нэгэн байсан ч өвсний шүүдэр шиг хайлаад өнгөрөх үзэсгэлэн гоогоор хорвоог байлдан дагуулж эс чадна гэдгийг тэрбээр тун сайн ухаарсан болохоор тухайн цаг үеийн зарим нэг хөнгөмсөг хүрээ хүүхний жишгийг дагаж баян луухаануудын өвөр дамжин самуурсангүй. Зүсний сайханд эрдэх аваас бүтэлгүй эрсийн биеийн ивээс, тачаалын шивээс болоод өнгөрнө гэдгийг тэр сайн мэддэг байж. Тиймээс “Цэмцгэр” Ханд Богд хааны өргөж авсан өнчин өрөөсөн хүүхдүүдийг эрдэм номд сургаж асан “Мэргэн бээс” Ишгомбо гэдэг тохитой томоотой хүнтэй амьдралаа холбосон байна. Гэвч тэр тун удалгүй Ишгомбоос салж сарниад сураг алдарсан байх жишээтэй. Ахмад сэтгүүлч Галсангийн Жамъян гуай Монголд анх газрын гүнд орсон, анхны уурхайчин Баянжаргалын Чойном гэдэг хүнийг нэхэн сурвалжлах явцдаа “Цэмцгэр” Хандын тухай бяцхан мэдээлэл олсоноо нэгэн нийтлэлдээ дурдсан байх аж.

Жишээ нь “Б.Чойном гуайд нэгэн сонин учрал тохиов. Богд Жавзандамбыг хаан ширээнд заларсаны дараа манай сүсэгтнүүд тогтдоггүй хүүхдээ юмуу, өнчин өрөөсөн хүүхдүүдээ Богдын ивээлд хүртээхээр өгдөг байж. Ингээд 33 эрэгтэй хүүхэд цугларсаныг Богд лүндэн буулгаж торгон цэрэг болгох эрдэмд сургах “цэцэрлэг” байгуулан даамлаар нь Боржигон овгийн эрдэм номтой, харваач Ишгомбо гэдэг хүнийг томилон “Мэргэн бээс” цол хүртээж Ханд гэх залуу сайхан бүсгүйг хатан болгож өгсөн түүхтэй. Ишгомбо тэр хүүхдүүдээс Батсүх, Сандаг гэдэг хоёр хүүхдийг өргөж аван хүүхдээ болгосонд хатан Ханд нь “Надаас хүүхэд гарахгүйг яаж мэдэв” хэмээн дургүйцэн салаад, Ишгомбо ч эх дагина Дондогдуламын аягачин Цэнддулам гэгч царайлаг охиныг авч суусан юм билээ. Ишгомбо Цэнддуламтайгаа сууж, үрчилсэн хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч, улмаар бээс зэрэг хэргэмээ цуцлуулан Ардын засагт хүчин зүтгэж байгаад 1930-аад оны сүүлчээр хөдөө гарч Төв аймгийн Баянзүрх сум, Налайх орчмоор амьдарч байгаад 1946 онд таалал төгсчээ. Хоёр хүү нь өсч том болж Батсүх нь нарийн төмөр замд, Сандаг нь Налайхын уурхайд ажиллах болов. Энэ үед Чойном талийгаач Ишгомбын эхнэр Цэнддуламтай суусан байна” гэж өгүүлжээ.