Хичээл эхлээд бараг хоёр сарын нүүрийг үзэх гэж байна. Гэтэл өдийг хүртэл сурагчид сурах бичиггүй хичээлээ хийлээ. Энэ долоо хоногийн эхээр л түрээсийн сурах бичгийн сураг гарав. Намар өмнөх онд ашигласан сурах бичгийг хог дээр хаяж байгаа талаар сошиалд шуугиад өнгөрсөн. 

Өмнөхөө халж, дахин шинийг хэвлэх арга нь "мөнгө угаах" хэрэгсэл болсон уу. Өмнө нь 8 настай сургуулийн босгыг алхана ороод 10-р ангийг төгсдөг байхад сурах бичгийн хүрэлцэхгүй байх асуудал гардаг байсан ч хэвлэх тоолонд чанар чансаатай болж, алдаа мадаггүй гардаг байсан. Гэвч өдгөө жил бүр хэвлэж, шинэчилж байгаа хэрнээ дорвитой өөрчлөгдөж шинэчлэгдсэн байгаа зүйл ажиглагдсангүй. Сурагчид өмнө жил хэрэглэсэн сурах бичгийг эдэлгээг нь уртасгаж эмнэж, домноод хэрэглээд л болоод байсан гэдгийг эцэг эхчүүд хэлж буй. Харин одоо үед хэмнэлт биш үрэлгэн яамтай болсон уу жил бүр л шинэ сурах бичиг хэвлэлтээс ирээгүй гэсээр хичээл орохтой золгодог болсон гэдгийг хэн хүнгүй ярих болов.

Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2014 оноос бага, дунд, ахлах ангийн сургалтад үе шаттай нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд үүний дагуу нийт 122 нэр, төрлийн сурах бичгийг шинэчлэхэд давхардсан тоогоор 719 зохиогч ажилласныг Боловсролын хүрээлэнгийнхэн дуулгав. Зохиогчдын 49 хувь нь их, дээд сургуулийн багш, 18 хувь нь мэргэжлийн байгууллагын судлаач, аргазүйч, мэргэжилтэн, 27 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн багш, зургаа орчим хувь нь хөндлөнгийн хүмүүс байдаг. Гэвч салаа утгатай үг, өгүүлбэр, агуулга, шийдэл нь ойлгомжгүй, хариу нь гарахгүй дасгал, даалгавар, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаатай эх бүхий өчнөөн сая ном хэвлүүлсэн. Энэхүү алдаагаа ч номын зохиогч нар нь хүлээн зөвшөөрдэг. Гэхдээ тэд өөрсдийгөө шахуу хугацаанд асар хурдан зохиох үүрэг авсан гэх үгээр хацайлдаг юм. 

ЕБС-ийн багш нар сурах бичгүүдийн агуулга хэт их, хүүхдэд юу ойлгуулах гээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Тиймээс бид өөрсдийн арга барилдаа болон хүүхдүүддээ тохирсон номыг дагалдангаар ашиглана хэмээн эцэг, эхчүүдэд дуулгадаг болсон нь нууц биш. Тухайлбал, тавдугаар ангийн математикийн сурах бичиг дээр хүүхэд бие дааж судлаад даалгавраа хийх гэсэн ч номон дээр нь өөрийнх нь ойлгосноос арай өөрөөр тайлбарлан бичсэн байж. Үүнд нь хүүхэд итгээд бодлогоо бодож, шалгуултал бүгд буруу болов. Ингээд эхлээд өөрийнхөө ойлгосноор бодсоноо эцэг, эхдээ үзүүлтэл тэр нь харин зөв байж тараав.

Энэ мэтчлэн тодорхойлолтын уншаад бодлогоо бодож, номон дээр бодсон жишээ бодлого алдаатай байх асуудал наад захынх. Монгол хэлний сурах бичгийн эхийг бол ярих юм бол алдаа мадаг бас л дуусахгүй.  Ярих асуудал олон бий. Гэхдээ энэ удаад өмнөхөө сурах бичгээ хог дээр хаяж, шинийг хэвлэх шаардлага үнэхээр байдаг уу?