"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
8 цагийн өмнө
Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Монгол дархан: өв, урлахуй” тусгай үзэсгэлэн өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ. Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан дэлгэж байгаа онцлогтой.
“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор болж буй тус үзэсгэлэнд Монгол, Буриадын 60 уран бүтээлч, дархан 138 бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Ийнхүү ардын, шашны, чимэглэлийн урлал болон чөлөөт уран бүтээл зэрэг дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.
Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлч:
- Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” ТББ;
- “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан;
- Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ;
- “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл тус тус шилдгийн шилдгээр шалгарлаа.
Уран бүтээлч Д.Энхдаваа “Би уг үзэсгэлэнд дөрвөн бүтээл дэлгэснээс “Хас Эрдэнэ” гэх бүтээлээрээ шилдэг уран бүтээлч шагналыг хүртлээ. Ган сийлбэрээр урласан уг бүтээлээ орчин цагийн хийцээр алмас эрдэнийн 15 шигтгээ шигтгэн хийсэн. Очир алмас нь тухайн айл гэр, хувь хүний эд хөрөнгийг хамгаалахаас гадна өнө мөнх, өргөн дэлгэр байхыг бэлгэддэг. Мөн хэт хутга нь монгол эр хүний гоёлын нэгэн чухал зүйл бөгөөд үе удамдаа өвлүүлэн үлдээдэг гэдгээрээ эрхэм ач холбогдолтой” хэмээв.
Уран бүтээлч Г.Эвсанаа “Уг үзэсгэлэнд хоёр дахь жилдээ уран бүтээлээ дэлгэж байна. Утсан сүлжмэл, хөөмөл хоёрыг хослуулан XIII-XV зууны үеийн хатдын эдэлж хэрэглэж байсан зүйлсээс санаа аван “Хатан эмээл” хэмээх бүтээлээ туурвисан” гэлээ.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд долоодугаар сарын 4-20-ны өдрүүдэд дэлгэнэ.
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh