Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ
3 цагийн өмнө
Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хулгайн нүгэл ханхлуулсан “сонгодог загвар” нь нүүрсний оффтейк гэрээ болсон.
Нүүрсний хулгайг нууцалсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой 2019 оны хоёр гэрээг Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд 449 дүгээр тогтоолоороо төрийн нууцаас гаргаж байв. Гэвч, ил болсон гэрээнүүдийн ард ямар хулгай явсныг өнөөдрийг хүртэл хууль хяналтынхан нарийн сайн шалгаж эхлээгүй л байна. Үүнээс гадна, төрийн аль нэг хяналтын байгууллага ил болсон гэрээнүүдэд нарийн дүн шинжилгээ огт хийгээгүй юм. Харин Нээлттэй нийгэм форум, “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг дүн шинжилгээ хийсэн байдаг. Тэд холбогдох нээлттэй мэдээ, мэдээллийг ашиглан дээрх есөн гэрээнд баримтын шинжилгээ, эдгээр гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, 2017-2021 оны санхүү байдлынх нь тайланд санхүүгийн таамаглал, санхүүгийн харьцааны шинжилгээ болон сценарь анализыг гаргасан.
Судалгаа шинжилгээний багийнхан “…Гэрээнүүд, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай” хэмээсэн. Илүү тодорхой дүгнэлт өгөхөд мэдээлэл хангалттай ил тод биш байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байна. Үүнтэй 2020 оны зургадугаар сарын 10-нд хийгдсэн түүний нэмэлт өөрчлөлт байгаа юм. 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй. Уг санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгчээ. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Харин “Бодь интернэшнл” ХХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж өгөхөөр тус гэрээг байгуулжээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах ажил нь компанийн хувьд тээвэрлэлтийн зардлыг бууруулах замаар үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой чухал төсөл юм. Гэвч санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой сөрөг үр дүн гарчээ. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “..Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэх ажил, түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын чанар стандарт, түүнийг хэмжих аргачлал, ажил гүйцэтгэх хугацаа зэргийн талаар гэрээнд тодорхой тусгаагүй байна. Иймээс уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд “алдагдсан боломжийн өртөг өндөр” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “...“Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн байдаг.
Хамгийн гол нь, дээрх дүгнэлт хийхэд нөлөөлсөн хүчин зүйл нь дээрх оффтейк гэрээг Аюулгүйн зөвлөлийн 2019 оны зөвлөмжөөр төрийн нууцад хамааруулсантай холбоотой. Угаасаа иргэд ч, улстөрчид ч ийм хардлагатай байсан юм.
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсах үеэр, 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд УИХ-ын чуулган дээр Б.Пүрэвдорж гишүүн “…Оффтейк хулгайгаар Тавантолгойгоос Гашуунсухайтын хоёр гэрээн дээр үнийн дүнгээ нугалсан. Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх замыг “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалан хоёр сая ам.доллараар барьчихаад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан. Ямар их шунал вэ. Энэ гэрээг зогсоогооч. Өртгийг нь шалгаач” гэж байв.
Дараахан нь, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайг шалгаж эхэлсэн хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр зарлагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөгөөдөр нь АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Эх сурвалжуудын мэдээллээр мэдүүлэг авах үйл явц гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Гэвч Х.Баттулга “...Бусдаас тодруулах, сайтар бодоод нэхэж санах 2-3 зүйл байгаа тул дахин ирж мэдүүлэг өгье” гэжээ. Ингээд яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүй байна.
Тэрээр АТГ-т мэдүүлэг өгч гараад шууд Төрийн ордонд очжээ. Тэнд ЕТГ-ын дарга Я.Содбаатартай өрөөнд нь уулзсан.
Үүнээс гурав хоногийн дараа, 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Х.Баттулга БНСУ руу ниссэн байдаг.
Түүнчлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын гишүүн Т.Доржханд “…Нүүрсний хэрэгт холбоотой гэж нэр зарласан 17 албан тушаалтны хамгийн түрүүнд нэр нь дурдагдсан Х.Баттулга хоёр хоногийн өмнө зугтаачихсан. Өчигдөр оффтейк гэрээний гүйцэтгэгч болох “Бодь интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан яарч сандраад мэдээлэл хийлээ. “…Би ямар ч буруугүй. Би яаж мэдэх вэ. Би ажлаа хийсэн, асуудал байвал төртэй ярь” л гэж байна. Тэгсэн чинь тухайн үед төрийн шийдвэр гаргасан хүн нь зугтаачихдаг. Монгол Улс сайхан жүжиг болж байна даа” гэсэн.
Үүнээс гадна, олон нийт “…Үүнээс болоод “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал хил даваад зугтчихсан” гэж ойлгосон. Одоо болтол Монголдоо ирээгүй л байна. Мөн “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийг энэ хэргээс болж шалгалаа” гэж дүгнэсэн. Гэвч, шүүх түүнд шал өөр шалтгаанаар ял шийтгэсэн.
Үнэндээ, нэг нь зугтаж, нөгөө нь баригдсан нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээний хулгайг илчлэх ажиллагааг сааруулан саатуулах “зөөлөвч” л болж өгсөн.
Улмаар, УИХ-ын нүүрсний сонсголыг Б.Энхбаяр удирдахдаа нүүрсний хулгайд уурлаж бухимдсан нийгмийн сэтгэл зүйг тайвшруулж, хүлээлтийг хангасан мэт боловч угтаа “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалангийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээг тойрсоор дуусгасан. Бас, Ухаахудагийг ч ярилгүй өнгөрсөн.
Харин, асуудлыг Д.Амарбаясгалан руу чиглүүлж, түүнд чихэхийг оролдсон. Эцэст нь, энэ бүхний ард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээг Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр төрийн нууцад оруулж, түүгээр далимдуулсан хулгайгаараа “гагнагдсан” гурвал түрдээ мартагдсан. Тэр чигтээ гурван жил боллоо. Тэднийг илчлэх цаг ирж буй бололтой дог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 3 цагийн өмнө
XUCHINDI ANUSDI ALNI XUSSEN BAIRLALAAR80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEXSDI80955877