Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ны шинэ чиглэлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн туршилтаар явуулж эхлэхээр боллоо. Эхний ээлжинд ерөнхий боловсролын 29 сургуулийн 2-5 дугаар ангийн 3000 гаруй сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөнө.

Сурагчдыг стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр нэгдсэн зохион байгуулалттай тээвэрлэх,  гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх, хотын төвөөс алслагдсан ерөнхий боловсролын зарим сургуулийг сургуулийн автобустай болгох, нийслэлийн авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн автобус”-ны шинэ чиглэлийг туршин нэвтрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд эхний ээлжинд 29 сургуульд шинэ чиглэлийг нэвтрүүлж 40 автобус үйлчилгээнд  гарахаар боллоо. Ингэснээр хотын төвөөс алслагдсан, ерөнхий боловсролын 12 сургуулийн гэр, сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг сурагчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх ба мөн авто замын хөдөлгөөнд нөлөөлөл бүхий 17 сургуулийн хувийн унаагаар зорчдог сурагчдыг сургуулийн автобусаар тээвэрлэх нөхцөл бүрдсэнээр, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд “хүүхдийн зохицуулагч” харгалзаж явах юм. Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сургуулийн автобуснуудад чиглэлийн маршрут болон “хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж, байршил тогтоох чип суулгасан.

Мөн эцэг эхийн гар утсанд мэдээлэл очих учраас хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой юм.