БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв
14 минутын өмнө

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар үр дүнгүй хэдэн өдрийг ардаа үдлээ.
Тэгвэл гацсан парламентын талаар сөрөг хүчин болох АН, олонх болсон МАН ямар "БАЙР СУУРЬ"-тай байгааг онцлон хүргэж байна.
-АН: олонх ажлаа хийхгүй байна-
Чуулганы ирц хүрэхгүй байгаатай зэрэгцэн МАН, АН-ын хооронд хэн парламентын үйл ажиллагааг гацааж байна вэ гэсэн улс төрийн маргаан өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригчдын зүгээс АН-ыг чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байгаа мэтээр мэдээлж буйг үгүйсгэв. Тэрээр “МАН дангаараа 64, эвсэж хамтарч байгаа намуудтайгаа 80 суудалтай улс төрийн хүчин. Тэд УИХ-ын чуулган болон бүх байнгын хорооны ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой. Олонх болж бодлогоо, амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн улс төрийн хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж зогсоочихоод үүнийгээ бусад руу чихэх чинь увайгүй үйлдэл шүү. Үүнийгээ зогсоохыг МАН-ын дарга Н.Учралаас шаардаж байна. Хоёрдугаарт, АН Засгийн газрыг огцрохыг шаардаж, тогтворгүй байдал үүсгэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Гэтэл огцруулах, эсэх эрх нь олонход байгаа шүү дээ. Харин цөөнх болохгүй байгаа зүйлийг хэлж, хариуцлага нэхэх эрхтэй. Ийм биш бол цөөнх гэж байгаад яах юм бэ. Цөөнх ажлаа хийгээд явж байна. Харин олонх ажлаа хийхгүй байна. Тиймээс цаашид олонх ирцээ бүрдүүлээд оролцсон тохиолдолд АН ирцээ бүрдүүлээд УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой. Гуравдугаарт,, Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардаж байгаа. Энэ шинэ зүйл биш. Энэ бол парламентын засаглалтай орон бүрд байдаг ойлголт. Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулж ирсэн, мөн төсөвт Ерөнхий сайдын хамааралтай компанийн нэр ороод ирсэн шүү дээ. "Миний бодлогыг дэмжиж байвал надад итгэл үзүүлэх асуудлыг оруулж байна” гээд оруулаад ирэх ёстой. Хэрвээ итгэл үзүүлэхийг дэмжвэл 2027 оны төсвийн бодлого тэр чигээрээ дэмжигдэж байна гэсэн үг шүү дээ. Дахиад хэлэхэд, цөөнх УИХ-ын үйл ажиллагааг гацаах, Засгийн газрыг огцруулах боломжгүй. Боломжгүй зүйлийг цөөнхөд нялцааж байгааг анхааралдаа авахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдээс хүсэхийн зэрэгцээ олонхын бүлгийг ажлаа хийхийг шаардмаар байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн АН-ын байр суурийг “Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явна” гэлээ.
-МАН гишүүдэд намын дүрмийн дагуу хариуцлагын асуудал яригдана-
Харин МАН-ын бүлэг чуулганы ирцээ бүрдүүлэхийн тулд гадаад, дотоод томилолттой байсан гишүүдээ дуудан ирүүлжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Өнөөдрийн чуулганы ирц бүрдчих байх. Гадаад, дотоод томилолттой байсан гишүүдийг дуудаад аваад ирсэн” хэмээн мэдээлэв.
Тэрээр үүнээс гадна хуралдаантайг мэдсээр байж ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг намын түвшинд авч үзэхээ мэдэгдсэн юм. “Мэдсээр байж чуулганд орж ирэхгүй байгаа гишүүдэд намын дүрмийн дагуу хариуцлагын асуудал яригдана” хэмээн Ж.Батжаргал хэллээ. Ингэснээр чуулганы ирцийн асуудал зөвхөн олонх, цөөнхийн улс төрийн маргаанаар хязгаарлагдахгүй, МАН дотор сахилга, хариуцлагын асуудал болон яригдаж эхлэв. Мөн МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ. Оюутолгойн ногдол ашгийн тодорхой хэсгээр нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудал шийдвэрлэх нэг удаагийн үйлчлэлтэй Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал үндсэн зохицуулалтыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд “Улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн ногдол ашгийн орлогоор зөвхөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гэж тусгасан байна.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив. Эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол орон нутгийн эрчим хүчний дутагдал, эдийн засаг тэлэх боломжгүйг бүлгийн гишүүд тодотгов. Түүнчлэн гишүүд Оюутолгойн ногдол ашгийг урсгал зардалд зарцуулахгүй байхаар тусгасныг дэмжиж байгаа гэдгийг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал онцлон ярилаа.






