Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид өнөөдөр  автомашинтай жагсаал зохион байгуулж байна. жагсаалд одоогоор 40 орчим автомашин оролцож байна. Жагсагчид таван өдрийн турш өглөө 08:00 цагт жагсаал эхлүүлсэн ба 18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно гэж мэдэгдээд байгаа бөгөөд албан ёсны зөвшөөрлийн бичгээ бидэнд үзүүлсэн юм. 

Гэвч жагсаал, цуглаанд оролцогч иргэд Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогчдын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж эхэллээ. Тухайлбал, хоёр эгнээ замын 1, 2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна. Мөн жагсагчид жагсаал, цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа талаар албаныхан мэдээлж байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн зорчиж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч, урсгал чиглэлийг түр өөрчилснөөс бусад замд чөлөөтэй зорчих эрхтэй байдаг. 

Хэрвээ жагсагчид цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн автомашиныг албадан ачих зохицуулалттай байдаг аж. Одоогоор зам чөлөөлөхөөр автомашин ачаагүй байна. Бид жагсаалын талаар эргэж мэдээлэх болно.