Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх парламентын үед сул гишүүн байхдаа Ардчилсан намынхныг их л баалдаг байж билээ. “Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмдэг бодлого дэлхийн хаана ч байхгүй. Татвар нэмнэ гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжийн халааснаас авна л гэсэн үг” гэж ирээд хуралдаан дээр загнаж харагддаг байв.

Одоо тэгээд эдийн засаг хямраагүйдээ саарал жагсаалтад багтаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаа юу. Одоо тэгээд ард түмний халааснаас энэ олон татварын нэмэгдэл гарахгүй болоо юу. Нэг амаар хоёр өөр юм ярьж, ам ажил зөрдгийн тод жишээ энэ бизээ. Өөр нам эрх барих үед дээрх үгийг хэлж суусан Сангийн сайд өөрийн намыг эрх барих үед төсөв бүрдүүлэхийн тулд хичнээн төрлийн татвар нэмж, ард түмний халааснаас энэ бүхэн гарч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч мөн адил 2016 онд “Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” гэж хэлж байж. Гэвч МАН сонгуульд ялалт байгуулж засаг барьж эхэлснээс хойш байнга татвар нэмлээ. Хамгийн сүүлд авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдлээ. Үүний өмнө есөн төрлийн татвар нэмсэн байдаг. Газар худалдаалах, Ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн, архи, тамхи, импортын шатахууны онцгой албан татваруудыг ээлж дараалан нэмсэн.

2016 оноос хойш эрх баригчид нийт арван төрлийн татварыг нэмсэн байх юм. Татвар нэмлээ гэж шүүмжлэхээр ганц л хариулттай. “Олон улсын валютын сан ингэ” гэсэн л гэдэг. Үнэн хэрэгтээ заавал татвараа нэмж, ард түмнийхээ халаасыг суйл гэж зөвлөдөг ч гэж юу байхав. Арга чарга ол л гэсэн зөвлөмж өгсөн болохоос татвар нэм гэж бүхэл бүтэн улс оронд зааж, тулгаагүй байлтай. Хэрэв тулгалт хийлгэтлээ дор орсон бол эрх баригчдын өөрсдийнх нь л буруу. 1996 онд Ардчилсан хүчнийхэн эрх барьж байх үед мөн л Олон улсын валютын сангийнхантай тулгарсан. Өнөөдүүл зөвлөмж өгсөн. Гэхдээ тэдний зөвлөмжийг эрх баригчид шууд хүлээж аваагүй байдаг. Учир шалтгаанаа ойлгуулж, бид тийм ч ядарчихсан улс биш, өөр гарц боломж хайя гэж үзэж тардаг байсан юм билээ. Тэр үед манай эдийн засаг одоогийнхтой харьцуулахад ямар байсныг эрхбиш мэдэж байгаа биз. Олон улсын валютын сан ч бас нөхцөл байдлыг сонсч тулгалт хийгээд байдаггүй байж. Тэр үед Р.Амаржаргал, Баабар нар “Бид Кени, Конго биш дээ" гэж ирээд л өөрсдийгөө ойлгуулж, тайлбарлаж чадаж. Нөгөө талаасаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан Монголыг сонсчих юмсан, асуудлыг нь цэгцэлчих юмсан гэдэг яриа хөөрөө өрнөөд ойлголцлын түвшинд хүрч байжээ. АН-ыг засаг барьсны дараа МАН засаг авахдаа яаран мэдэгдэл хийж, эдийн засаг доройтож хүнд байна, данс улайлаа гэсэн улс төр хийж байгаад Олон улсын валютын санг оруулаад ирсэн. Угтаа Олон улсын валютын сангийн тусламжийг аргаа барсан улс авдаг. Улс орнууд болж өгвөл авахгүй юмсан гэж өөр гарц хайдаг. Яагаад гэвэл хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн чөлөөтэй бодлого явуулах боломжгүй болгоод нэг хашаанд хашаад, үгээр нь явахаас өөр гарцгүй болгодог. Олон улсын валютын сангаас тусламж хүссэнээр эдийн засаг тэлнэ гэж байдаггүй, яаж сэхээнээс энгийн тасагт шилжих вэ гэдэг л нөхцөл үүсдэг. Одоо үнэхээр ингэж тулгаад байгаа бол Монголд хандах олон улсын байгууллагын хандлага өөрчлөгдсөн, эсвэл тэдэнтэй ойлголцлын түвшинд ярих хэмжээний хүн эрх баригчдад байгаагүй юм байлгүй.

Ямартай ч мөнгө дутаад ирэхээр л ард түмнийхээ халаасыг суйлдаг муу зан сурчихлаа, энэ МАН-ынхан. Жирийн иргэд бид ч унтаад сэрэхдээ айдаг боллоо. Өглөө босоод ирэхэд ямар гээч татвар нэмсэн байгаа бол гэж бодох болов. Ямар даргад нь юу дутаад юугаа нэмэх бол гэж айх боллоо. Үндэсний телевизээр чуулганы хуралдаан харахаас эмээдэг боллоо. Айл болгон татвараа төлж үздэг телевизээрээ байнга татвар нэмсэн тухай үзэх ч бас амаргүй юм. Энэ нам сонгуульд амласныхаа эсрэг юм хийдгийг татвар яаж нэмж байгаагаас харж болно. Угтаа МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүх юм эсрэгээрээ байгаа. Татварын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэж тодоос тод биччихсэн. Тэр ч бүү хэл зарим төрлийн татварыг бууруулах бодлого баримтална гэж тэд амалсан. Булзах аргагүй. Ингэж ард түмнийг хуурч худал хэлж, Засгийн эрх авсан намыг шүүхэд өгч татан буулгах цаг болж. Хуулинд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархах тухайд заалт бий. Ард түмэнд худлаа амладаг намыг хууль бусаар төрийн эрх авах гэсэн зүйл ангид хамааруулдаг болмоор байна. Ингэж хариуцлага тооцдог болъё. Сонгуулиас сонгуульд худлаа амлалт өгч гарч ирсэн хойноо яг тэрнийхээ эсрэг үйлдэл хийгээд байвал энэ улс орон яаж өөдлөх билээ. Ард түмний сонгуулиар өгсөн санал ямар үнэ цэнтэй болох билээ.

Намуудыг хариуцлагатай болгоё. Хар ярианы хэлээр худал ярихыг “чихэн дээр цэцэг ургуулах” гэдэг. Тэд бидний чихэн дээр цэцэг ургуулж, бид тэрэнд нь итгэж олон жил боллоо. Юу амлах, юу амлахгүйгээ намууд мэддэг болж, худал амлахгүй болгохын тулд хуулинд тусгамаар байна. Сонгуульд оролцохдоо МАН-ын удирдлага “Мөрийн хөтөлбөрийн үг, өгүүлбэр бүхэн үнэн бодитой, зорилго, зорилт цэгцтэй, үр дүн өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон” гэж байлаа. Харамсалтай нь үнэн бодитойг нь олж харсангүй. Засгийн газраа дангаар бүрдүүлж, УИХ-д 65-уулаа суух боломжийг ард түмэн тэдэнд олгосон ч тэд итгэлийг минь хөсөрдүүллээ. Хоорондоо талцаж, засгаа татан унагааж, татвар нэмэхээс өөр шийдэл үгүй эрх баригч МАН-ыг эхний ээлжинд шүүхэд өгөх хэрэгтэй.

Америк, Хятад хоёр улс 25 хувийн импортын татвараас болж худалдааны дайндаа тулж, одоо ч үргэлжилж байна. Харин манай ард түмэн эрх баригчдынхаа явуургүй, дээрэнгүй бодлогыг хүлцэнгүй тэвчсээр, 20-200 гаруй хувь нэмэгдсэн татварынхаа дороос өндийх тэнхэлгүй хүлцэнгүй байх юм. Унтаад сэрэхдээ айдаг айдсаасаа салахын төлөө худал амлагч, ЖДҮ-ийн хулгайч, хүчирхийлэгч, 60 тэрбумын хуйвалдаанчдын эсрэг 2020 оны сонгуулиар эрх баригчдад дүнгээ тавьцгаая.