Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг өчигдөр зөрчлийн хэргээр шүүх хурал болох байсан ч шүүгчийн бие муудсан тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Тэгвэл өнөөдөр Э.Бат-Үүлийг дахин хоёр өөр хэргээр шүүх хурал болох юм. Хоёр хэргийн нэг нь зөрчлийн хэрэг бол нөгөө нь эрүүгийн хэрэг юм. Тодруулбал, 

  1. Э.Бат-Үүл 2019 оны зургаадугаар сард  "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Уг нийтлэлтэй холбоотойгоор ЕТГ-ын дарга Э.Энхболд болон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар цагдаагийн байгууллагад тус тусдаа хандсан. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагаас Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг  болон ЕТГ-ын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэж үзэж, Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар хоёр  сая төгрөгөөр хоёр удаа торгох шийдвэрийг гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан  юм. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Э.Бат-Үүл нь З.Энхболдын нэр төрлд халдсан гэж үзсэн бөгөөд үүнийг эсэргүүцэн Э.Бат-Үүл давж заалдах шатны шүүхэд хандсан. Өнөөдөр давж заалдах шатны шүүхэд шүүх хурал болов. Энэ үеэр Э.Бат-Үүл шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулав. 
  2. Э.Бат-Үүлийг өнөөдөр хүүгийнх нь хамт эрүүгийн хэргээр мөн шүүх хурал болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх юм. Урьдчилсан уг хэлэлцүүлгээр  гэм буруугийн шүүх хурлыг товлох болно.

Бид Э.Бат-Үүлийн холбогдсон зөрчлийн хоёр хэрэг болон эрүүгийн нэг хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа