Манай улсад мөнгө угаасан байж болзошгүй гадаадын иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгасаар байгаа. Тухайлбал,  ОХУ-ын иргэн А.В.Самохин Киприйн хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компани манай улсад байгуулан маш их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шалгуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.  /Монгол улсад мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт  ОХУ-ын иргэнийг шалгаж эхэллээ/ Тэрбээр 2015-2019 онд оффшор бүсээр дамжуулан 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авч, шилжүүлэн 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь шалгалтын явцад тодорхой болж, манай улсаас гарахыг нь хориглон шалгаж буй юм.

Тэгвэл мөнгө угаасан байж болзошгүй гадаадын өөр нэг иргэнийг шалгаж эхэлсэн нь Бүгд Найрамдах Латви Улсын иргэн Подлеснижс Игорс (Podlesnijs Igors) аж. Тэрбээр манай улсад барилгын материал, гадаад худалдааны АБА хэмээх компани байгуулж, ОХУ, Турк, Эстони, Арабын Нэгдсэн Эмират Улсаас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө шилжүүлэн авч, арилжааны банкуудад байршуулж байгаад “зүсийг нь хувирган” мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогджээ.

Хууль бус мөнгөний эх үүсвэр нь биткойнтой холбоотой байх магадлалтай бөгөөд хэд хэдэн улсаар дамжуулан гарал үүслийг нь өөрчлөх явцдаа манай цагдаагийнхны хараанд өртсөн гэнэ. Түүний Монголд төвлөрүүлсэн мөнгийг нь хууль хяналтын байгууллагынхны шийдвэрээр банкуудад царцаачихаад байгааг эх сурвалжууд мэдээллээ. Одоогийн байдлаар АБА компанийн данс дахь 10 орчим тэрбум төгрөгийг нь одоогоор царцаасан гэх мэдээлэл байна.  

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.