Хилийн чанад дахь Монголчуудыг эргэн ирэхийг дэмжих чиглэлээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь Салбарын захирал, Доктор (Ph.D) Ёко Фүжимура болон “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын Дэд тэргүүн Г.Ганзориг нар Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр байгууллага 2023 оноос хойш хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ талаар Доктор (Ph.D) Ёко Фүжимура Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь гадаадад амьдарч буй Монгол иргэдтэй холбогдох гүүр бөгөөд бидний хувьд стратегийн чухал түнш юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Харин Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн зүгээс Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалан, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.

 

Санамж бичгийн хүрээнд Монгол диаспора буюу хилийн чанад дахь Монголчууд дунд туршлага солилцох уулзалт, мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж харилцааг холбоог сайжруулснаар улмаар эх орондоо сайн дураараа эргэн ирж үндэсний хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажлууд хийгдэх юм. Үүний зэрэгцээ, ОУШХБ Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн үйл ажиллагааны чадавхыг сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулж, хилийн чанад дахь Монголчуудын нөөц бололцоо, Монголд ажиллаж амьдрах боломжуудын талаар олон нийт болон диаспора гишүүдэд сурталчлан таниулах ажлууд хийх юм.

ОУШХБ-ын Шилжилт хөдөлгөөний тайлбар толь бичигт диаспорыг “эх оронтойгоо болон оршин сууж буй улсдаа байгаа элэг нэгтэнтэйгээ үндэсний түүх, ондоошил болон туулсан туршлагаараа холбогдож байдаг шилжин суурьшигчид эсвэл тэдний үр хойч” гэж тодорхойлсон байдаг. Гадаад улсад 6 сараас дээш хугацаатай, аялалаас бусад зорилгоор оршин суугаа Монгол Улсын иргэн, тэдний байгуулсан нийгэмлэг, бүлэг, төрийн бус байгууллагуудыг мөн диаспора гэсэн тодорхойлолтод багтаадаг.

 

Диаспорын эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр асар их бөгөөд зөвхөн мөнгөн гуйвуулга, бизнес эрхлэх, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн боломжуудаар зогсохгүй аялал жуулчлал, нийгэм-соёлын нөлөөлөл, мэдлэг дамжуулах хэлбэрээр засаглал, улс төрийн оролцоо болон жендерийн хэм хэмжээнд ч эерэг өөрчлөлтийг авчрах  боломжтой.

 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тухай:

1951 онд байгуулагдсан ОУШХБ нь шилжилт хөдөлгөөний удирдлагын салбарт тэргүүлэн ажилладаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага юм. Монгол Улс 2008 онд тус байгууллагад нэгдэн орж, 2011 онд Улаанбаатар хотод суурин оффисоо нээсэн. Түүнээс хойш ОУШХБ нь Монгол Улсад шилжилт хөдөлгөөнийг хүмүүнлэг, эмх цэгцтэй зохион байгуулахад тууштай дэмжлэг үзүүлсээр ирлээ. Эхэн үедээ хилийн чанадад хүний наймааны хохирогч болсон Монгол иргэдэд туслалцаа үзүүлэх зорилгоор олон улсын стандартыг нэвтрүүлэхэд анхаарч байсан бол  өнөөдөр ОУШХБ-ын үйл ажиллагааны өргөжин дотоод шилжилт хөдөлгөөний удирдлагыг сайжруулах, цагаачлал болон хилийн менежментийн системийг бэхжүүлэх, онцгой байдал болон хямралын үед шуурхай дэмжлэг үзүүлэх, мөн цагаачдын виз боловсруулах үйл явцад техникийн туслалцаа үзүүлж байна.

 

Мөн ОУШХБ нь төрийн болон орон нутгийн удирдлагуудад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн удирдлагын сургалт явуулах, олон нийтийн мэдээлэл, соён гэгээрлийн кампанит ажил хэрэгжүүлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд шууд байдлаар өртөж буй шилжин суурьшигчдад тусламж үзүүлэн ажиллаж байна.