Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр замын хөдөлгөөнд зорчин явахдаа дүрэм зөрчсөн жолооч эмэгтэйд шаардлага тавьсны төлөө замын цагдаагийн албан хаагч алгадуулсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан билээ.

Тухайн эмэгтэй жолоочид зөрчлийн хэрэг нээн хэргийг шалгаж байгаагаас гадна жолоодох эрхийг гурван сараар хасч, 250 мянган төгрөгийн торгууль ногдуулсан юм.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэрэг дахин гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 2-ны өдөр  Сүхбаатар дүүрэг, 100 айл орчимд замын хөдөлгөөнд оролцож явахдаа зөрчил гаргасан жолооч эмэгтэй  замын цагдаагийн шаардлагыг биелүүлэлгүй уурлаж, цагдааг үгээр доромжилж, алгадсан байна.

Жолооч эмэгтэйн эл үйлдэл, замын цагдаагийн энгэрийн камерийн бичлэгт үлджээ. Ийнхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.